40 мянган албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө (2007.01.12)
Авлигын эсрэг шинэ хуулийн дагуу албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг шинэчлэн батлахаар УИХ-аар хэлэлцэж байна. Өмнө нь 200 гаруй төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол шинэчилсэн төслөөр 40 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлж байхаар болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, эмч, багш нараас бусад бүх удирдах албанд ажиллаж буй төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан харьяалагдах тазарт хүргүүлэх юм байна. Мэдүүлгээ өгөхөөс татгалзсан болон буруу мэдүүлсэн бол ажлаас халахаас эхлээд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
Өмнө нь зөвхөн үндсэн болон бусад орлого хэмээн ерөнхийд нь мэдүүлдэг байсан бол одоо орлогын хүснэгтэд маш дэлгэрэнгүй мэдээлэл агуулах аж. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлс, мөнгөн шагнал, урамшуулалаа бүгдийг бичих бөгөөд хэрэв эд зүйлээр авсан бол түүнийг мөнгөөр илэрхийлж бичих аж. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, үйл ажиллагаа болон хөрөнгийн, хөрөнгө борлуулсны, мал бүхий этгээдийн, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал ч багтана. Тэр ч байтугай төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас олсон орлогоо ч мэдүүлэх гэнэ.
Харин "хөрөнгө" гэсэн хүснэгтэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө / түүнчлэн хадгаламж, хөрөнгө оруулалт, хувьцаа, үнэт цаас гэх мэт/-ийг бичнэ. "Зээл" гэсэн хүснэгтэд банк, бусад санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдээс авсан зээлээ мэдүүлнэ. Бэлэг, төлбөрийн аялал гэсэн хүснэгтэд тухайн албан тушаалтны сарын цалингаас дээш хэмжээний үнэтэй бэлгийг бичих бөгөөд авсан бэлэг, аяллын төлбөрийн эх сурвалжийн нэр, хаяг, түүний үйл ажиллагааны чиглэл, ямар бэлэг болох, үнийн дүн, бэлэг авсан, төлбөр хийсэн он, cap өдрийг бичихээр болж байна. Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлсний дараа түүний хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол хуульд заасны дагуу 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлэх юм байна.
Бүх шатны сонгуулийн хороод сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн шатны сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонгууль дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхдээ мэдүүлэг гаргагчийн нэрсийн жагсаалт, мэдүүлгийн эх хувийг "нууц" гэсэн тэмдэг дарж битүүмжлэн ирүүлэх аж.
Өмнө нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгч байсан 200 гаруй албан тушаалтныг 2007 оны хоёрдугаар сарын 15-нд багтаан, харин хөрөнгө орлогын мэдүүлгээ шинээр өгч эхлэх албан тушаалтнуудад энэ оны дөрөвдүгээр cap хүртэл хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөх талаар таниулга, сурталчилгаа хийхээр төлөвлөж, оны эхний хагаст багтаан дээрх 40 мянган албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг авах бөгөөд харин ирэх жилээс хуульд заасан хугацаандаа авах ажээ.