Айвенхоу Майнз”-тай байгуулах гэрээний асуудал дахин шуугиан дэгдээлээ (2007.01.17)
Монголын Засгийн газрын “Айвенхоу Майнз” компанийн байгуулах тогтвортой байдлын гэрээний эцсийн хувилбарыг бэлэн болгох ажлын хэсэг саяхан ажилдаа дахин орсон талаар энэ долоо хоногийн эхээр хэвлэлүүд мэдээлсэн нь нэг хэсэгтээ намжаад байсан шуугианыг дахин дэгдээлээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийн хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн эх хувь нууцын зэрэглэлтэй байна. Улстөрчид гэрээний төслийг олон нийтэд ил тод байлгаж, санал авна гэж мэдэгддэг хэдий ч хараахан зарлах болоогүй нь иргэдийн хөдөлгөөнүүдээс болгоомжилсон хэрэг хэмээн хэвлэлүүд дүгнэсэн нь зарим иргэний хөдөлгөөнийг нэгдэхэд хүргэжээ. Миний Монголын газар шороо, Эрс шинэчлэл Эрүүл нийгэм- Иргэний хөдөлгөөн, Иргэдийн Альянс төв, Монголын чөлөөт ахмадын холбоо, Монголын Ардчилсан холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Оюутолгойг ашиглах тухай гэрээ байгуулах ажлыг ард түмэнд ил тод нээлттэй байлгах шаардлагыг тавьж, түүнийгээ биелтэл нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтран ажиллахаар шийдвэрлэснээ өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэн мэдэгдсэн байна. Тэд энэхүү шаардлагаа энэ сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ажээ. Одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар Оюутолгойг ашиглах тогтвортой байдлын гэрээг байгуулж болохгүй, мөн үндэсний болон гадаадын экспертүүдийн дүгнэлт оруулах ёстой гэж тэд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан Монголын ард түмний язгуур эрх ашгийг шууд илэрхийж байгаа тус ордын хувь заяаг ард түмний оролцоогүй шийдэх ёсгүй тул дээрх шаардлагыг нааштайгаар шийдэхгүй бол ард нийтийн санал асуулга явуулья. Ингэснээр тус ордын үр өгөөжийн багагүй хэсгийг Монголын ард түмэн хүртэнэ гэж Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдлийн төлөөлөгчид мэдэгджээ.
Тогтовортой байдлын хэмээн нэрлэгдэж байсан энэхүү гэрээг эдүгээ “Хөрөнгө оруулалтын гэрээ” хэмээн нэрлэж байгаа аж. "Ардын эрх" сонины нэгдүгээр сарын 16-ны өдрийн дугаарт мэдээлснээр эл Хөрөнгө оруулалтын гэрээнийн төсөлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт таван жилийн хугацаанд 50 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн бол гэрээ байгуулах эрхтэй болно” хэмээн дурдсан аж. Түүнчлэн гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч Засгийн газраас татварын тогтвортой орчин, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо компанийнхаа эрх ашгийн төлөө зарцуулах эрхийг олж авна. Харин Монголын төр манайд ажлын байр бий болгох, бүс нутгийг хөгжүүлэхийг шаардах эрхтэй ажээ. Эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 сая ам.доллартай тэнцэх бол 10, 100 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 15, 300 сая ам.доллараас дээш тохиолдолд 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулах юм байна. Хөрөнгө оруулагчийн хүсэлт, хавсаргасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш гурван сарын дотор хянаж үзээд гэрээ байгуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд дахин гурван cap сунгахаар гэрээний төсөлд тусгаад байгаа ажээ.
“Айвенхоу Майнз” компанийн мэдэлд лиценз нь байдаг Оюу толгойн орд газар бол Монголын стратегийн ач холбогдол бүхий орд газрын тоонд ордог бөгөөд шинэ хуулиар ийм орд газрын 34 хүртэлх хувийг Монголын төр эзэмшихээр болсон. Энэ заалт хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг гарцаагүй татсан асуудал юм. Монголын төр Оюу толгойн ордын 34 хүртэлх хувийг эзэмшихийн тулд тэр хэмжээний хөрөнгө оруулах ёстой. Гэрээг боловсруулах ажлын хэсгийн нэг гол хүн болох Үйлдвэр, худалдааны Б.Жаргалсайханы үзэж байгаагаар 34 хүртэлх хувийг улсын мэдэлд авахын тулд Монголын Засгийн газар 14 орчим хувийг нь хөрөнгө оруулалт хийх замаар, 20 хувийг нь “Айвенхоу майнз”-аас зээлээр авах боломжтой гэж “АЭ” сонинд бичжээ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ээс хувь эзэмшсэн туршлагаа давтан ашиглаж, явцын дунд олсон орлогоос нь худалдан авахыг тэрбээр санал болгож буй аж. Гэхдээ энэ бол зөвхөн Үйлдвэр, худалдааны сайдын санал юм.
“Айвенхоу Майнз” өнгөрсөн онд “Рио Тинто”-д хувьцаагаа худалдсан тул Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад хоёр биш гурван талт хэлэлцээр хийгдэнэ гэж хэвлэлүүд бичиж байна. Ийнхүү гэрээ байгуулах үйл явц албан ёсоор эхэллээ. Гэрээг 2007 оны нэгдүгээр улиралд багтааж үзэглэх боломжтой гэж Үйлдвэр, худалдааны сайд үзэж байгаа ажээ.