Засгийн газрыг тойрсон улстөрийн нөхцөл байдал хурдцадлаа (2006.01.23)
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж мэдэгдэл гаргажээ. Тус намын парламент дахь 13 гишүүн УИХ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан энэхүү мэдэгдлээ 18 цагт хүлээлгэн өгсөн байна. Уг мэдэгдлийн талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын танилцуулснаас үзвэл Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхийн 2006 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн чуулган дээр УИХ-ын гишүүдийг заналхийлсэн мэдэгдэл нь парламентын гишүүний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан балмад, санаатай үйлдэл болсон хэмээн тус нам үзэж байна. Засгийн газраас Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, шударга ёсыг илт гажуудуулсан үйлдлүүдийг удаа дараа давтсаар байгаа нь МАХН-ын даргаар толгойлуулсан Засгийн газар ард түмнээс сонгогдсон УИХ-аас илүү эрх мэдэлтэй болж өөрийгөө хуулиас дээгүүр тавих, МАХН-ын эрх ашиг нэрээр танхимынхаа эрх ашгийг Монгол төрийн дээр тавих санаархал гэж дүгнэхэд хүргэж байна. Энэхүү үйлдлийн хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч алдаа дутагдлыг нь засах хуулиар хүлээсэн сөрөг хүчний үндсэн үүргээ биелүүлж байхад Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүх гишүүдийг элдвээр доромжилж, заналхийлсэн үйлдэл юм хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мэдэгджээ.
УИХ дахь Ардчилсан намын гишүүд У.Хүрэлсүхийг хийсэн мэдэгдлийнхээ дагуу "УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн" гэх мэдээллийг ил гаргах, ийм мэдээлэлгүй байж гүжирдэн гүтгэсэн бол зохих хариуцлага хүлээхийг шаардаж байна. Засгийн газрын гишүүд ээлж дараалан хууль зөрчиж байгаа үйлдэл дээр УИХ-ын олонхи буюу МАХН-ын бүлгийн гишүүд хэрхэн хандаж хариуцлага тооцож байгаа талаар УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдээлэл хийж, илтгэх цаг нь нэгэнт болсон гэж тус намын зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхийн хууль зөрчсөн талаарх асуудлыг шийдэж өгөхгүй бол УИХ-ын чуулганд оролцохгүй гэж мэдэгдээд УИХ-ын дарга Ц.Нямдоржоос хурал зарлахгүй байхыг хүсчээ.
Энэхүү мэдэгдлийн хариуд УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ "Үндсэн хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу үүргээ гуйцэтгэж яваа УИХ-ын чуулган дээр Засгийн газрын гишүүний асуудлыг ярьж байхад танхимын өөр нэг гишүүн УИХ-ын гишүүдийг дарамтлах явдал хэрхэвч байж болохгүй. Та бүхний өгсөн энэхүү мэдэгдлийн нэг хувийг Ерөнхий сайдад хүргүүлж, мөн намын бүлгийн гишүүдэд танилцуулах болно” гэжээ.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд УИХ-ын дарга болон дэд дарга нарт мэдэгдлээ хүлээлгэн өгсөнийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Баян-Өлгий аймгийн сонгогч төлөөлөгч нараас нэлээд гомдол ирээд байгаа болохоор Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг тус аймгаас сонгогдсон гишүүд оруулах болно хэмээн УИХ-ын гишүүн К.Сайраан мэдэгджээ.
Ардчилсан намын зөвлөлийн дарга Л.Гансүх хэлснээр УИХ дахь МАХН-ын бүлэг Засгийн газрын асуудал дээр намын эрх ашгийг нэгдүгээрт тавилгүй байр сууриа тов тодорхой илэрхийлэх ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол УИХ тарах нь зүйтэй гэж тэрбээр үзэж байгаа аж.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн УИX-ын даргад өргөн барьсан мэдэгдлийг МАХН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв.
Мөн өдөр УИХ дахь МАХН-ын бүлэг хаалттай хуралджээ. “АЭ” сонинд мэдээлснээр /¹15/ Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс үүдэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ганц нэг сайдыг бус Засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай санал оруулж болзошгүй байгаа тул MAXН улстөрийн ямар шийдэл гаргах вэ гэдгээ бүлгийн хурлаараа ярилцсан бололтой. Хэрвээ Засгийн газрыг бүхэлд нь огцруулах, эсвэлУИХ-ыг тараах санал гаргавал, өөрөөр хэлбэл яг тодорхой санал хэлсэн тохиолдолд түүнийг нь авч хэлэлцэж болох юм хэмээн МАХН-ын бүлэг үзсэн аж.