2007 оны мөнгөний бодлого (2007.01.24)
Монголын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна. 2006 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оныхоос 9,0 орчим хувиар, ДНБ 8,3 хувиар өссөн нь 2005 оныхоос даруй 1,3 нэгжээр өссөн дүн юм гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2007 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хурал дээр Монголбанкны Ерөнхийлөгч, доктор А.Батсүхийн мэдэгджээ. Тэрбээр Монгол Улсын макро эдийн засаг, мөнгөний бодлогын 2007 оны нөхцөл байдлын талаар үг хэлсэн байна.
Түүний хэлснээс үзвэл инфляци 2006 онд зургаан хувьтай гарчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарах хандлагатай байсан нь инфляци буурахад гол түлхэц болсон гэж Монгол банкны Ерөнхийлөгч үзэж байна. Зэсийн үнийн өсөлтөөс инфляцид үзүүлэх нөлөөлөл нь нефтийн үнийн өсөлтийнхөөс даруй 0.9 нэгжээр илүү, удаахь томоохон хүчин зүйлд махны хангамж, нөөц болон нийт мөнгөний өсөлт эзэлж байгаа ажээ. Дотоодын зах зээл дээр улирлын чанартай болон тохиолдлын зарим хүлээлтээс үүдсэн ханшийн огцом хэлбэлзлийг саармагжуулахаас бусад тохиолдолд Монголбанкны оролцоогүйгээр зах зээл дээрх төгрөгийн ханш эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт түвшинд байна гэж тэрбээр хэлжээ.
Манай улсын гадаад цэвэр нөөц сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буй бөгөөд 2007 оны эцэст 700, 0 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа аж. Гадаад худалдааны алдагдал 2005 онд 119,5 сая ам.доллар байсан бол импортоос давсан экспортын орлого 2006 онд 39,6 сая ам.доллар болжээ. Гадаадын хөрөнгө оруулалт 2005 онд 182,3 сая ам.доллар болсон ба 2006 онд энэ үзүүлэлт 200 сая ам.доллараас давах төлөвтэй байна. Банкны салбарын гадаад цэвэр актив 2006 оны дүнгээр 148 сая орчим ам.доллараар нэмэгджээ.
Монголбанк гадаад цэвэр нөөцийг бүрэн хадгалж хамгаалахаас гадна эрсдэл багатайгаар үр өгөөж олоход чиглэсэн арга хэрэгслүүдийг 2007 оноос нэвтрүүлж эхлээд байна гэж А.Батсүх ярьжээ. Мөнгөний нийлүүлэлт 2006 онд 31,3 хувиар нэмэгдсэн нь зорилтот түвшнээс 6 нэгжээр өндөр байгаа аж.
Төв банкнаас мөнгөний бодлого үр ашигтай хэрэгжих нөхцлийг сайжруулахын тулд өөрийн үйл ажиллагааг илүү ил тод болгох, мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, Монголбанк, Засгийн газар хоорондын харилцааг нийтэд ил тод мэдээлдэг байхыг чухалчилж байгаа ажээ. Түүнчлэн ашигт малтмалын үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт үргэлжлэх үед тохиож болох сөрөг нөлөөллүүд тухайлбал, төсвийн үр ашиг багатай зарцуулалт ихсэх, төгрөгийн ханш сулрах, байгаль цаг агаарын таагүй байдал үүсэхэд дагалдах нөлөөллүүдийг урьдчилан тооцсоны үндсэн дээр нөөц болон нийт мөнгөний өсөлтийг зохицуулахыг Монгол банк зорьж байна гэж тэрбээр хэлжээ. Банкуудаас шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлд оновчтой байдлаар оролцох эрхзүйн орчныг сайжруулж, банктай нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн эрсдлийг олон улсын жишгийг баримтлан хянаж зохицуулах юм байна. Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг илүү үр ашигтай хэлбэрээр хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын тогтолцоог буй болгоно гэж мөн мэдэгджээ. Эдгээр өөрчлөлтийг тусгасан Төв банкны тухай болон Банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж бэлэн болгон банкууд, судлаачид, олон нийтийн санал дүгнэлтийг авах ажлыг тус банк эхлүүлээд байгаа ажээ.