УИХ Засгийн газарт хяналт тавих нь суларч байна (2007.01.25)

A- A A+
УИХ Засгийн газарт хяналт тавих нь суларч байна (2007.01.25)

УИХ Засгийн газарт хяналт тавих нь суларч байна (2007.01.25)

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл гурав хоногийн өмнө мэдэгдэл гаргаж,  Засгийн газрын гишүүд ээлж дараалан хууль зөрчиж байгаа үйлдэл дээр УИХ-ын олонхи буюу МАХН-ын бүлэг хэрхэн хандаж байгаагаа  албан ёсоор мэдэгдэхийг шаардсан. Энэ мэдэгдэлд  МАХН-ын бүлэг уржигдар хариу өгөхдөө “Засгийн газар хуулийн хүрээнд ажилласан” хэмээгээд Ардчилсан намыг Засгийн газрыг гүтгэж байна гэж мэдэгдсэн юм. Ийм хариу мэдэгдэл авсан  Ардчилсан намын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхан Засгийн газар ямар хуулиудыг зөрчсөн болохыг дэлгэрэнгүй тайлбарласан мэдэгдлийг  гардуулжээ. Энэ үеэр  Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага учраас Засгийн газартай холбоотой бүх асуудлыг хэлэлцэх ёстой. Л.Одончимэд сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр сайд У.Хүрэлсүх Ардчилсан намын санал оруулсан хоёр гишүүн болон тус намыг заналхийлсэн нь алдаа байсан тул үүнийгээ засах учиртай” гэжээ. Тэрбээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж залруулах нь зөв гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгч  Ардчилсан намын гишүүдийн өргөн барьсан мэдэгдэлтэй танилцаад хариу өгөхөө мэдэгджээ.

УИХ дахь Ардчилсан намын гишүүд УИХ-ын даргаас чуулганыг хуралдуулахгүй байхыг хүссэн хэдий ч  хуульд зааснаар долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт нэгдсэн хуралдаан болох ёстойн дагуу УИХ-ын дарга өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан байна. “АЭ” сонинд УИХ-ын Тамгын газрын дарга  Ж.Нарантуяагийн ярьснаас үзвэл чуулганы хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж байгаад дуусгалгүй орхисон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

УИХ, Засгийн газрын харилцааны асуудал ийнхүү ид яригдаж байх энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Ламбаа, Д.Дондог, Очирхүү нарын таван гишүүн Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар өргөн мэдүүлснээ өчигдөр сэтгүүлчдэд зарлалаа. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцангийн хэлснээр энэ өөрчлөлт нь Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтрэхгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болох тухай ажээ.
1992-1996 онд Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар энэ  заалт үйлчилж байсан боловч 2000 оны Үндсэн хуулийн нэмэлтээр УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болох эрхийг нээж өгчээ. Үүний дагуу одоогийн Засгийн газрын танхимын 18 гишүүний 17 нь УИХ-ын гишүүн байгаа юм. Судалгаанаас харахад 2.5 сая хүн амтай улсад 110-аас дээш гишүүнтэй байдаг аж. Гэтэл манай парламент 76 гишүүнтэй,  дээр нь Засгийн газарт олон гишүүн ороод ажиллахаар Засгийн газарт чиглэл өгч, хяналт тавих явдал бүдгэрч байна гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байна.

Хуулийн төсөл батлагдах юм бол 2008 оны шинэ сонгуулийн дараа мөрдөж эхэлнэ гэж Д.Лүндээжанцан хэлжээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, яамдыг эргэн харж, цөөрүүлэх хандлага байгааг тэрбээр үгүйсгээгүй байна.

 

Хууль дээдлэх зарчмыг баримтлан асуудлыг шийдвэрлэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дүгнэлтийг чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын зөвлөлийн дарга Л.Гансүх танилцуулсныг бүрэн эхээр нь нийтэлж байна.

УИХ-ын чуулганы 2007 оны нэгдүгээр сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд, А.Мурат нараас бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үед Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан учраас Ардчилсан намын зөвлөл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу завсарлага авсан билээ.

Ардчилсан намын зөвлөл хуулиа дээдлэн Засгийн газрын гишүүн Л.Одончимэд, У.Хүрэлсүх нарын үйлдэл Үндсэн хууль болон бусад хуулийг хэрхэн зөрчсөн талаар нэмэлт тайлбар хийж байна.

1.УИХ-ын Төсвийн байнгын хороо Засгийн газрын гишүүн Л.Одончимэдийн үйлдэл нь Төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 5.1.4, 12.1.1, 12.1.2, 12.1.4, 12.1.5, 12.1.7, 13.2-ыг ноцтой зөрчсөн болохыг бүрэн эрхийнхээ дагуу тогтоосон төдийгүй асуудал эрхэлсэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Засгийн газрын гишүүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэтэл МАХН-ын дарга, Ерөнхий сайдаар толгойлуулсан Засгийн газрын мэдэгдэл, УИХ дахь МАХН-ын бүлгийн дүгнэлт нь Л.Одончимэдийг хууль зөрчөөгүй гэж үзэв. УИХ дахь АН-ын зөвлөл Л.Одончимэд сайдын үйлдэл нь дээрх хуулиудын заалтыг төдийгүй Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7 “УИХ нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”., Үндсэн хуулийн 38.2.1 “Засгийн газар нь Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах: 38.2.2 “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

УИХ Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.2.2-ыг удирдлага болгон “Улсын төсвөөс төлөх, тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагыг төрөл, анги бүрээр” нь баталсан юм. Энэ заалтыг Засгийн газар Үндсэн хуулийн 38.2.2-ыг удирдлага болгон ягштал биелүүлэх үүрэгтэй. Үүнийг үндэслэн УИХ-ын мэргэжлийн байнгын хороо дүгнэлтээ гаргасан гэж УИХ дахь АН-ын зөвлөл үзэж байна.

2.Засгийн газрын гишүүдийг огцруулах эсэх тухай шийдвэр гаргах УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүх “З.Энхболд . . . хүүхэд байхдаа атамануудад дээрэлхүүлээд гэрээсээ гардаггүй байсан”, “… хөөрхий юмны учир ойлгохгүй, хөдөөнөөс сонгогдож ирсэн муу Муратыг дагуулаад . . . нэг өдөр дээлээ нөмөрч магадгүй шүү”, “… Эрдэнэбүрэнд бас . . . наагуур чинь эвгүй гарын баагий нар байдаг . . . гэж ингэж бас захиж байгаа, “Тийм учраас дахин дахин УИХ дээр Засгийн газрын . . . асуудлаар оролдоод байвал энэ Их Хурал тарах ёстой”, “.. Их Хурал тарах тухай асуудлыг ч дараагийн удаа бас ярьж болно”, “… Цаашдаа улстөрчдийн эсрэг нэг нэгээр нь ярина”, “Би өөрөө Улсын мэргэжлийн хяналтын сайд учраас над дээр зарим нэг нөхдүүдийн ямар юм хийсэн, юу луйвардсан талаар нь маш их мэдээлэл ирж байгаа . . . луйварчдын нэрийг дурдаж, хийсэн хэргийг нь илрүүлж гаргаж ирж тавих юм байна гэж ойлгоорой” гэж хэлсэн байна.

Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхийн эрхэлсэн албан тушаалаараа далайлган хийсэн энэхүү заналхийлэл нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 14.2 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ” 17.1.1 “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 17.1.2 “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 29.2 “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг ноцтой зөрчсөний дээр, 25.1.6 “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” гэсэн УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна.

Түүнчлэн, УИХ-ын тухай хуулийн 34.3-д УИХ-ын гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхийг шууд хориглосон байтал МАХН-ын бүлэг УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй мэтээр тайлбарлаж хуулийг мушгин гуйвуулж, иргэдэд буруу ойлголт төрүүлэх гэж санаархаж байгааг Ардчилсан намын зөвлөл эрс буруушааж байна.

3.Сүүлийн үед Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүд тухайлбал, Л.Одончимэд, У.Хүрэлсүх, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, С.Отгонбаяр, Су.Батболд нарын хуулийг үл хүндэтгэсэн, УИХ-ын танхимд гаргаж буй ёс бус үйлдэл нь гүйцэтгэх засаглалын нэр хүндийг унагаж, төрд итгэх ард түмний итгэлийг хөсөрдүүлж байна. Ардчилсан намын зөвлөл ард түмнийхээ дуу хоолой болж, Монголын төр засгийн нэр хүндийг сэвтүүлэхгүй байх үүднээс хариуцлага алдсан сайд нарт хариуцлага тооцохын төлөө удаа дараа асуудал тавьж УИХ-аар хэлэлцүүлж байгаа ч намынхаа эрх ашгийг дээдлэн ёс зүйгүй сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгааг УИХ дахь МАХН-ын бүлэг, Засгийн газрыг тэргүүлж байгаа МАХН-ын даргын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-ийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэсэн” заалт МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдод шууд хамаарна гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үзэж байна.

Иймээс Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг ноцтой зөрчсөн Засгийн газрын гишүүдээ МАХН өмөөрч хуулиас дээгүүр эрх дарх эдлэх гэж оролдож буй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 2.9-д заасны дагуу УИХ дахь Ардчилсан намын зөвлөл УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсныг мэдэгдэж байна.

УИХ дахь олонхи болсон МАХН олонхиороо түрээ барих бус улстөрийн нөхцөл байдлыг зөв гольдролд нь оруулахын тулд хууль дээдлэх зарчмыг баримтлан асуудлыг улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.