Дөрөв дэх сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ (2007.02.01)
М.Энхболдын Засгийн газрын дөрөв дэх сайдыг огцруулах асуудлыг УИХ авч хэлэлцэх нь тодорхой боллоо. Сүүлийн нэг сар гаруйхны хугацаанд УИХ Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Цэнгэл, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Д.Одончимэд нарыг огцруулах асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд харин энэ удаа Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэнэ. Учир нь сайд Б.Жаргалсайханыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн УИХ-ын гишүүн Л.Гүндалай санаачилан УИХ-ын даргад өчигдөр өргөн барьжээ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Б.Жаргалсайхан сайдыг Засгийн газрын гишуүнээр ажиллах улстөрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзсэн байна. Тэрбээр сайд Б.Жаргалсайханг огцруулах үндэслэлээ гурван зүйлээр тодорхойлсон байна. Тавантолгой ХК, "Энержи ресурс" гэсэн хоёр компанийн дунд маргаантай байсан Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Таван толгойн ордыг эрх мэдлээ ашиглан Японы "Дайцүки" ХК-д олгосон нь хамгийн гол үндэслэл хэмээн Л.Гүндалай тайлбарлажээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон Тавантолгойн ордоос 100 гаруй га-г хувийн компанид олгосон хэмээн тэрбээр Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханг буруутгаж байна. Энэ нь шинээр баталсан Ашигт малтмалын тухай хууль, түүний үзэл баримтлалтай зөрчилдсөн гэж тэр мэдэгдэв. Түүнчлэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийнхөө хувийн "Буян" компанид тендергүйгээр гурван тэрбум олгуулсан гэж огцруулах үндэслэлдээ дурджээ. Бас Б.Жаргалсайханы удирдаж байсан “Буян” компани "Марубени" корпорациас авсан зээлээ төлөөгүйн улмаас Засгийн газар 1.2 тэрбум төгрөг олон улсын шүүхийн төлбөрт өгснийг ч дурджээ.
Өөрийг нь огцруулах тогтоолын төслийг өргөн барьсны дараахан УИХ-ын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Энэ төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Л.Гүндалайн сэтгэлийн эрүүл мэндийн байдлыг шалгуулах хэрэгтэй хэмээн тэрбээр мэдэгджээ. Огцруулах болсон үндэслэлүүдийн тухайд сайд Б.Жаргалсайхан хэлэхдээ, би лиценз олгодоггүй гээд энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хандсан хэмээн мэдэгджээ. Нөгөө хоёр үндэслэлийн тухайд тэрбээр хэлэхдээ, шүүхэд "Буян" компани биш, Засгийн газар татагдсан. Гуравт шоуны хувьд тендер зарлах цаг хугацааны боломжгүй байсан тул сонгон шалгаруулалт хийсэн гэжээ. Энэ асуудлын хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газар шууд хариу өгөх ёстой аж. Өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр тэрбээр чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мөн хэлсэн байна.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж огцрох өргөдлөө өгсөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийн хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын сайд нарын асуудал ийнхүү ээлж дараалан босч буйтай холбогдуулан эрх баригч МАХН-ын Удирдах зөвлөл хуралдсан байна. Эрүүл мэндийн сайдыг томилуулах асуудлыг хэлэлцэх хуулийн өнөөдөр дуусгавар болно. Өдөр тутмын сонинуудад мэдээлснээс үзвэл МАХН-ын Удирдах зөвлөл Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж яамдыг цөөлөх тухай намын удирдлагуудынхаа саналыг дэмжиж, энэ өөрчлөлтийг ойрын хугацаанд хийх хэрэгтэй хэмээн үзжээ. Түүнчлэн Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг бүтцийн өөрчлөлтөд оруулахаар төлөвлөөд буй учир сайдыг томилох нь илүүц гэж тус намын Удирдах зөвлөл үзсэн аж. МАХН-ынхны төлөвлөж буйгаар Эрүүл мэндийн яамыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай, ҮХЯ, ТЭХЯ, ЗТАЖЯ-ыг Дэд бүтцийн яам болгож нэгтгэх бололтой.