Засгийн газрын гурав дахь сайд огцорлоо (2007.02.07)

A- A A+
Засгийн газрын гурав дахь сайд огцорлоо (2007.02.07)

Засгийн газрын гурав дахь сайд огцорлоо (2007.02.07)

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар хоёр сайд шинээр томилогдож, бас нэг сайд огцорчээ. Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Туяа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарыг томилсон бол УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханг Үйлдвэр, худалдааны сайдаас огцруулсан байна.

Ийнхүү Б.Жаргалсайхан нь М.Энхболдын Засгийн газрын огцорсон гуравдахь сайд болов. Түүнийг огцруулах хуралдаан ийм асуудлыг хэлэлцсэн өмнөх хуралдаануудаас нэлээд ялгаатай болжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сайдыг огцруулах асуудлаарх холбогдох байнгын хороо болон намын бүлгүүдийн дүгнэлтийг  сонсч дараа нь ихэвчлэн  парламентын гишүүд асуулт хариулт  өрнүүлж, асуудлыг нь хэлэлцэж буй сайд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт болдог байсан ч энэ удаа тэгсэнгүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг сонссоны дараа  шууд санал хураалтыг явуулжээ.
Түүнийг огцруулах тогтоолын төслийг  УИХ-д санаачилан оруулсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай өнөөдрийн улстөрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд  асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг түр хойшлуулах санал гаргасан боловч  хуулийн дагуу УИХ асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хойшлуулвал хууль зөрчсөн болно гэж УИХ-ын дарга Д.Нямдорж хэлээд хүлээн авсангүй. Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар 14 хоногийн дотор хэлэлцэнэ гэдгээс биш хэлэлцэж дуусгана гэж заагаагүй хэмээн Л.Гүндалай мэтгэлцсэн боловч нэгэнт байнгын хорооны дүгнэлт гарсан хэмээн тайлбарлаад хүлээн аваагүй ажээ.  Эцэст нь санал хураахын өмнөхөн Л.Гүндалай саналаа одоо татаж авъя хэмээн мэдэгдсэн ч албан ёсоор бичгээр илэрхийлэх ёстой гээд мөн л хүлээн аваагүй аж.

Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханг хуралдаанд оролцсон 44 гишүүний 29 нь огцруулахаар санал өгч,  15 гишүүн татгалзсан байна. Огцорсныхоо дараа УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тэрбээр өөрийг нь  хууль бусаар огцруулсан гэж үзэж байгаа тул  Үндсэн хуулийн Цэцэд хандана хэмээн мэдэгдэв. Түүчлэн УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүний, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн тул мөн  шалгуулна хэмээн үзэж байна. Түүнчлэн БНН МАХН-тай гэрээний үндсэн дээр хамтарч ажилладаг. Гэрээнд талууд Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүрэг бий. Тийм болохоор дараагийн Yйлдвэр, худалдааны сайдыг БНН мэдэх эрхтэй гэж Б.Жаргалсайхан үзэж байна.  Хэрэв МАХН гэрээ хүчингүй болсон гэж байгаа бол Засгийн газрыг татан буулгах ёстой хэмээн тэрбээр мэдэгдлээ.

Yндсэн хуульд зааснаар бол УИХ-д 39 суудал авсан нам Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх ёстой. Сонгуулиар МАХН-д 38 суудал авч М.Энхболдын Засгийн газрын эрхзүйн чадамжийг Б.Жаргалсайханы тэргүүлдэг Бүгд найрамдах нам бүрдүүлдэг тул одоо Засгийн газрын хувь заяаны асуудал бүрхэг боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна. Учир энэ Үндэсний эв нэгдлийн хэмээх тодотголтой энэ Засгийн газрыг бүрдүүлж буй Үндэсний шинэ нам сонгуулиас хойш байгуулагдсан тул парламентад суудалгүй, харин Эх орон нам сонгуульд эвсэл болж ороод түүнээсээ гарсан тул эвсэлд орсон субьект нь байхгүй болсон юм. Өмнө нь ийм үндэслэлээр Ц.Элбэгдоржийн Засгийн газар яг жилийн өмнө огцорч байлаа.