ДНБ 2006 онд 8,4 хувиар өссөн хандлага ажиглагджээ (2007.02.08)

A- A A+
ДНБ 2006 онд 8,4 хувиар өссөн хандлага ажиглагджээ (2007.02.08)

ДНБ 2006 онд 8,4 хувиар өссөн хандлага ажиглагджээ (2007.02.08)

Монгол Улсын гадаад өр нэг тэрбум, 316 сая ам.доллар байгаа нь дотоодын нийт
бүтээгдэхүүний 56 хувьтай тэнцэж байна. Энэ хувь 90 байснаа ийнхүү буурсан гэж Сангийн сайд Н.Баяртсайхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгджээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1000 ам.доллараас давах болсныг гадаад өр багассантай  холбон тэрбээр тайлбарлажээ. Гадаад өрийн дийлэнхи хувийг 0,75-1,5 хувийн хүүтэй, 30-40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл эзэлж байна.  

Түүний хэлснээс үзвэл ОХУ-д төлөх ёстой байсан их өрийн 98 хувийг хүчингүй болгож, үлдсэн хоёр хувь буюу 250 сая ам.долларын өрийг төлсөн жишгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Польш улсад төлөх өрийн 90 хувийг хүчингүй болгож, үлдсэн 10 хувийн хөрөнгөөр буцаад Монголд хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж шийдвэрлэсэн байна. Их өрийг барагдуулсны дараа ДНБ 2004 онд 10,7 хувь, 2005 онд 6,2 хувиар, 2006 онд урьдчилсан байдлаар 8,4 хувиар өссөний зэрэгцээ улсын төсөв сүүлийн хоёр жил дараалан ашигтай гарсан хэмээн тэрбээр мэдэгджээ. Гадаад валютын нөөц 600 сая ам.долларт хүрсэн нь их өрийг Монгол Улсын эдийн засагт ямар ч дарамтгүйгээр шийдвэрлэж чадсаныг гэрчилнэ гэж Сангийн сайд үзэж байна. 2006 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ 8,4 хувьтай гарсан бол энэ онд есөн хувиас давах    хандлага    ажиглагдаж байна хэмээн Сангийн сайд Н.Баяртсайхан хэлжээ. 

Ерөнхий сайд М.Энхболд,  Сангийн  сайд  Н.Баяртсайхан нар 2007 оны төсөв батлагдсны дараа дураараа орон нутгийн төсөвт 24 тэрбум төгрөг нэмсэн тухай сүүлийн үед өдөр тутмын хэвлэлүүдээр мэдээлснийг Сангийн сайд эрс эсэргүүцсэн байна. Тэрбээр  эсэргүүцснээс өөр ямар нэг тоймтой хариулт өгсөн эсэх нь хэвлэлүүдийн мэдээллээс хараигдахгүй байна. Гэхдээ түүний хэлснээс үзвэл ямартай ч 24 тэрбум төгрөгийг орон нутгийн удирдлагын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар болсон аж. Тухайлбал дервөн тэрбумыг нь их засвар, тоног төхөөрөмж шинэчлэхэд, 10 тэрбумыг нь Улаанбаатар хотын зам засварын ажилд, бусдыг нь аймгуудын хөрөнгө оруулалтад хуваарилсан байна. Ингэхдээ тухайн орон нутаг, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан дээрх хөрөнгийг хуваарилсан гэж  Сангийн сайд Н.Баяртсайхан тайлбарлажээ.

Татварын ачааллыг бууруулсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа талаарх сэтгүүлчийн асуултад тэрээр хариулахдаа, татварыг бууруулсан нь эдийн засгийн шинэчлэлт чухал нөлөөтэй. Яарах хэрэггүй, үр дүн нь богино хугацаанд бус урт хугацааны дараа харагдана гэжээ. Сангийн сайдын хувьд татварыг бууруулснаар төсвийн орлого буурах байх гэсэн эргэлзээ байсан ч 2007 оны нэгдүгээр сард 113 тэрбум төгрөг улсын төсөвт орж ирсэн нь өмнөх жилүүдийнхээс буураагүй ажээ.