УИХ-ын дарга Ц.Нямдорж дутагдлаа давтахгүй байхыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд санууллаа (2007.02.09)

A- A A+
УИХ-ын дарга Ц.Нямдорж  дутагдлаа давтахгүй байхыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд санууллаа (2007.02.09)

УИХ-ын дарга Ц.Нямдорж  дутагдлаа давтахгүй байхыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд санууллаа (2007.02.09)

УИХ-ын намрын чуулганыг хааж УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж өндөрлөж байна. Чуулганы хуралдаан 91 хоног үргэлжилж, 54 хууль, 44 тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын намрын ээлжит чуулган хэлэлцэж баталсан хууль, шийдвэрлэсэн асуудлынхаа цар хүрээгээр Монгол Улсын хөгжлийн бодлогыг нарийвчлан тодотгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.Намрын чуулган татвар, ашигт малтмалын шинээр батлагдсан хуулийн орчинд 2007 оны Улсын төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Yндсэн чиглэл, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын үндсийг хуульд заасан хугацаанд нь батлан гаргалаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Yндсэн чиглэл улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлж хөгжлийн цоо шинэ хандлага, их бүтээн байгуулалтын бодлогын үндсийг тавьлаа.
2007 онд бараг 400.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь сүүлийн 8 жилийн бүх хөрөнгө оруулалтын нийлбэртэй тэнцэж байна. Өдөр бүр нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулан хийх энэхүү бодлогын хүрээнд 3635км цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад өгч, 55 сумын төвийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, Дөргөн, Тайшарын УЦС-ыг ашиглалтанд оруулж, Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлж, 75000 малчин өрхийг эрчим хүчээр хангаж Мянганы замын барилга, байгууламжийг үргэлжлүүлэх, 2007-2008 онд баг бүрд хоёр худаг шинээр гаргахаар шийдвэрлэлээ.
Бодлогын дээрх баримт бичгүүдийг батлахдаа нийгмийн асуудлыг зохистой шийдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулсныг тэмдэглэж байна. Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхэд бүрт жилд 100, алдарт эхэд нас харгалзахгүйгээр 50.-100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох, 1-4 дүгээр ангийн хүүхдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Yдийн цай” хөтөлбөрт хамруулах, орон нутагт тогтвортой ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг энэ удаагийн чуулганаар шийдвэрлэлээ.
УИХ-ын 2006 оны намрын ээлжит чуулган нутгийн удирдлагын эрх зүйн үндэслэлийг сайжруулах чиглэлээр дорвитой шинэчлэл хийлээ. Энэ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж удирдлагын төвлөрлийг сааруулан эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх томоохон алхам хийлээ.

2007 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хувь заяа Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны засаг дарга нар хэрхэн ажиллахаас шалтгаална. Хөгжил, дэвшил, хөрөнгө оруулалтын чиглэлээр гаргасан шийдвэрийг цаг алдалгүй биелүүлэхэд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна. Өнгөрсөн жил энэ чиглэлд гарсан дутагдлыг давтахгүй байхыг Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд зориуд сануулж байна. Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж эрчим хүч, авто замын салбарт төлөвлөсөн ажлыг түргэн гүйцэтгэх хуулийн орчинг УИХ бүрдүүлж өгсөн. Энэ боломжийг Засгийн газар зөв ашиглах хэрэгтэй.

Та бүхэн чуулганы завсарлах хугацаанд иргэд, сонгогчидтой уулзалт хийнэ. Улс орны хөгжил дэвшлийн талаар баримталж байгаа төрийн бодлого, шинээр батлагдсан хууль, шийдвэрийг тэдгээрт тайлагнан сурталчилах, бас санал бодлыг нь анхааралтай судалж төрийн бодлогод шингээх чиглэлээр идэвхтэй ажиллахыг уриалж байна гэжээ.