2007 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдал (2007.02.15)
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын 2007 оны нэгдүгээр сарын мэдээллийг Үндэсний статистикийн газар гаргасан байна. Мэдээллээс үзвэл улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 153,1 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэн төлөгдөх цэвэр зээл 78,8 тэрбум төгрөг болсон бөгөөд төсвийн нийт тэнцэл 74,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Эдийн засгийн үндсэн сан хөмрөгтэй холбоотой эх сурвалжаас хамгийн анхаарал татсан нь татварын орлогын дүн юм. Татварын нийт орлого өнгерсөн оны мөн үеийнхээс 71,.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 60,5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 41,1 хувь, онцгой албан татвар 9,3 хувь тус тус өслөө.
Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт 2007 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан байдлаар 1539,7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0,2 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 5,2 хувь, чанаргүй зээл 3,7 хувиар нэмэгдсэн бол банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 62,2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4,9 хувийг эзэлж байгаа аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2007 оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 0,1 хувиар буурчээ. Үнэ буурсан шалтгааныг статистикчид нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ буурсантай холбон тайлбарлаж байна.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2007 оны нэгдүгээр сард 282,4 сая ам.доллар, үүнээс экспорт 167,7 сая, импорт 114,7 сая ам.долларт хүрч, экспортын хэмжээ импортоосоо давсан байна. Гадаад худалдааны нийт тэнцэл өнгөрсөн сард 53,0 сая ам.долларын ашигтай гарсан аж. Зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2006 оны нэгдүгээр сард 689,3 ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр сард 1127,7 ам.доллар болж 63,6 хувиар өсчээ.
Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 31,6 мянга буюу өнгерсен оны мөн үеийнхээс 1,4 мянгаар буурчээ. Улсын хэмжээнд 18 мянган эмэгтэй ажилгүй байгаа нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 56,9 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 1831 гэмт хэрзт бүртгэгдсэн нь 2006 оны нэгдүгээр сарынхаас 45,3 хувиар өссөн дүн юм. Үүнд Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахуун, иргэдийн эрүүл мэнд, шүүн таслах үйл ажиллагаа, өмчлөх эрх, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд зонхилж байна. Гэмт хэргийн уршгаар нийтдээ 2249,9 сая төгрөгийн хохирол учирсны 81,9 хувь буюу 1841,9 сая төгрөг нь иргэдийн өмчийн хохирол аж.