УИХ-ын дарга Ц. Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэжээ (2007.03.05)
УИХ-ын дарга Ц.Нямдорж нь Авлигын эсрэг хуулийг батлагдснаас нь хойш зассан гэсэн гомдлыг иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг дур мэдэн засварласан гэсэн өргөдлийг иргэн Ж.Бямбаа, С.Авирмэд, П,Болд, Ч.Хурц, Л.Цог нар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан юм. Тэдний өргөдлийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэхээр Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан байна. Цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргасан иргэд болон УИХ-ын даргыг төлөөлж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа, нар ирж оролцсон байна. Харин хариуцагч болох УИХ-ын дарга Ц.Нямдорж өөрөө ирээгүй бөгөөд Цэцийн гишүүн Д.Наранчимэг хянан шийдвэрлүүлэх хариуцагч өөрийн биеэр байх ёстой хэмээн хурлыг хойшлуулахыг хүссэн ч Цэцийн гишүүд зөвлөлдөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг оролцуулан хуралджээ.
УИХ-ын дарга Ц.Нямдорж Цэцэд бичгээр уламжлахдаа, хуульд засвар хийхдээ УИХ-аас зөвшөөрөл авсан хэмээн хуралдааны тэмдэглэл ирүүлж тодорхой үндэслэлүүдийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариу өгөх болно гэжээ. Тэрбээр Цэцэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа, "Чуулганы хуралдааны дэгийн дагуу хуульд редакц хийдэг, энэ нь Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлэх маргаан биш тул өөрт хамааралгүй маргааныг хянан шийдвэрлэхгүй гэж найдаж байна. Дэгийн ямар нэгэн заалт зөрчигдсөн гэж УИХ-ын гишүүн дүгнэх эрхтэй. Гэтэл дээрх хуулийн эцсийн найруулгын талаар гишүүдийн зүгээс нэгч гомдол гараагүй. Зарчмын шинжтэй нэг заалт Ашигт малтмалын тухай хуульд орхисон байна гэсэн Ардчилсан намын зөвлөлийн ирүүлсэн гомдлыг УИХ-д 2007 оны нэгдүгээр сарын 30-нд танилцуулж заалтыг нэмж оруулахаар болсон" гэжээ.
Цэцийн хурал асуулт хариулт авах зэргээр бүтэн өдөр хуралдан маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргагасан байна. Тухайлбал, Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд засвар хийхдээ эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, дэс дараалал, бүтцийн чанартай засвар өөрчлөлтийг хийснээр УИХ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн "ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", хорьдугаар зүйлийн "...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална", хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн "хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүхэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байна.
Энэхүү хуралдаан иргэд, олон нийтийн хөдөлгөөнүүдэд нээлттэй болсон бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн хариугаа ирүүлэх ёстой юм байна.