Цэц Засгийн газрын талаар хоёр маргаан шийдвэрлэх нь (2006.03.14)

A- A A+
Цэц Засгийн газрын талаар хоёр  маргаан шийдвэрлэх нь (2006.03.14)

Цэц Засгийн газрын талаар хоёр  маргаан шийдвэрлэх нь (2006.03.14)

Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаарх иргэдийн гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэц хоёр маргааныг хянан хэлэлцэхээр болж байгаа ажээ. Нэг шууд Ерөнхий сайдтай холбогдох асуудал юм. Иргэний зориг намын Хэрэг эрхлэх газрын дарга О.Магнай, Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний хуулийн зөвлөх Э.Батбаяр нар Ерөнхий сайд М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн хэргээр Цэцэд ханджээ. Тэд Ерөнхий сайд М.Энхболдыг  Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэг "Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна", мөн зүйлийн хоёр дахь хэсэг "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайдыг томилох хуулийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрч байгаа  бөгөөд Ерөнхий сайд сайдад томилуулах хүнээ УИХ-д өнөөг хүртэл өргөн мэдүүлээгүй байгаа нь дээрх заалтуудыг зөрчсөн хэрэг хэмээн тэд үзжээ.  түүнчлэн Онцгой байдлын сайдыг хуулийн хугацаанаас нь таван сарын дараа томилж хууль зөрчсөн болохыг дээрх иргэд гомдолдоо мөн дурдсан аж.

Цэцэд хандсан удаахь гомдол нь Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Н.Баяртсайханд хамаарна. Үндэсний Соёмбо хөдөлгөөн түүнийг мөн дээрхтэй ижил шалтгаанаар буруутган  Цэцэд хандахаар болсноо өчигдөр мэдэгдсэн байна.

Зарим бараа материал, машин механизм, тоног төхөөрөмж, бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ 2005 онд баталсан бөгөөд барилгын материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж, үүгээр дамжуулан орон сууцны үнийг бууруулах зорилго тавьжээ. Гэвч 2005 оны наймдугаар сарын 15-наас эхэлж хэрэгжүүлсэн энэ хууль нь хэсэг бүлэгт л зориулагдаж жирийн иргэдэд огт хүртээлгүй байв гэж “Yндэсний соёмбо” хөдөлгөөн үзэж байна. Тодруулбал, барилгын компаниудын тоног төхөөрөмжийн үнэ буурснаас биш ард иргэдэд уг хууль огтхон хэрэгжээгүй гэж тэд үзжээ. Иймээс хуулийг хэрэгжүүлсэн хугацаан дахь нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан 11 сая ам долларыг ард иргэдэд буцаж өгөх ёстой гэж “Yндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар хэлсэн юм. Тус хөдөлгөөнийхөн энэ талаар шалгаж өгөхийг Сангийн яамнаас хүссэн аж. Энэ дагуу Сангийн яам нийслэл, дүүргүүдийн орон сууц барьж, борлуулж байгаа татвар төлөгчдийн судалгаа гаргаж 42 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Тэд шалгалтаараа иргэдэд улсын төсвөөс НӨАТ-ыг олгох үндэслэлгүй гэж үзсэн нь Цэцэд хандах шалтгаан болж байгаа аж.