Засгийн газар үйл жиллагаагаа явуулж чадахгүй байна гэж Ардчилсан намын зөвлөл мэдэгдлээ (2007.04.09)

A- A A+
Засгийн газар үйл жиллагаагаа явуулж чадахгүй байна гэж Ардчилсан намын зөвлөл мэдэгдлээ  (2007.04.09)

Засгийн газар үйл жиллагаагаа явуулж чадахгүй байна гэж Ардчилсан намын зөвлөл мэдэгдлээ  (2007.04.09)

Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлд ажилласан дүн, түүний мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд М.Энхболд өнгөрсөн баасан гаригт УИХ-д танилцуулсан байна. Түүний мэдээлэлд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл дүгнэлт өгч, байр сууриа илэрхийлж, М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл гэж үзжээ. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын Зөвлөлийн дарга Л.Гансүх мэдэгдэхдээ, “Бид өнөөдрийн Монгол орны бодит байдлын талаар ярихыг хүсч байна. УИХ-ын намрын чуулган эавсарласнаас хойш болсон томоохон үйл явдлуудыг М.Энхболдын тэргүүлж байгаа Засгийн газар хэрхэн дүгнэж ямар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярьсангүй. УИХ-ын гишүүдийн санаачилсан, гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар хийсэн мэтээр багагүй сурталчилж байна. Засгийн газар өөрийгөө ийнхүү сурталчилж байх зуур өнөөдөр нийгэмд болж бүтэж байгаагаасаа илүү болохгүй зүйл нь их хуримтлагджээ. Намрын чуулган завсарласнаас хойшхи 60 гаруй хоногийн хугацаанд, улс төрийн шинжтэй нийгмийг бухимдуулсан олон үйл явдал болж өнгөрлөө. Эдгээрээс гол ноцтой гэх дараахь асуудлуудыг Ерөнхий сайд таны сонорт албан ёсоор хүргэж байна” гэжээ. Үүнд:

Нэг. Олон иргэн өөрсдийн шударгаар хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө хадгаламж, зээлийн хоршоонд өгч салхинд хийсгэсэн мэт алдаад өнөөг хүртэл хохирлоо барагдуулж чадалгүй цөхрөнгөө барж байна. Хэдийгээр шүүх 18 хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой хэргийг шийдвэрлэн холбогдогчдыг нь 10 хүртэл жил хорих болсон ч мөнгөө алдсан иргэдийн хохирол барагдаагүй байгаад зарим нэг нь гутарч амиа хорлосон тохиолдол гарав. 2000 оноос хойш буюу МАХН дангаараа засгийн эрх барьж байхад хийсэн хуулийн хийдлээс үүдэн гарсан эдгээр иргэний хохирлыг барагдуулах талаар М.Энхболдын Засгийн газар ямар нэгэн алхам хийхгүй байна.

Хоёр. Төрийн өмчид үлдсэн ганц банк болох Хадгаламжийн банкийг өнгөрөгч оны сүүлчээр 23.4 тэрбум төгрөгт хүргэж хувьчилсан. Гэтэл тус банкинд ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн гэгч 14.2 тэрбум төгрөг түүнээс илүү хөрөнгийг завшсан хэрэг гарч, шалгагдаж байна. Үүний цаана МАХН болон түүний дэргэдэх МАСЗХ-ны нэр бүхий гишүүд холбогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчидтой адил тус банкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг гадаад оронд зугаалж казинод тоглосон залуучууд үрсэн талаар өнөөгийн Ерөнхий сайдын даргалдаг МАХН ямар байр суурьтай байгаа нь тодорхой бус өнөөдрийг хүрлээ.

Гурав. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн Ц.Батаагийн сууж явсан Зэвсэгт хүчмий жанжин штабын харьяа 303 дугаар ангийн эзэмшлийн МИ-8 нисдэг тэрэг Төв аймгийн Борнуур сумын нутаг “Өнжингийн дунд гол” гэдэг газарт осолдсон хэрэг гарсан. Хар хайрцагны талаар цацагдсан янз бүрийн мэдээнээс үзэхэд энэ ноцтой хэрэгт хэн ч буруугүй, тэр өдрийн цаг агаарын байдал л буруутай болоод өнгөрөх юм шиг байна. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд М.Сономпилийн зөвшөөрснөөр УИХ-ын гишүүн Ц.Батаа унаж явж байхдаа маршрут зөрчин үнэг хөөж явж байгаад унагасан бодит үнэнд Засгийн газар хэрхэн хандаж, ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байна.

Дөрөв. Гадаадад ажиллах иргэдийг зуучлах талаар өнгөрсөн хугацаанд олон нийтийг баярлуулахаар юм болсонгүй. Өмнө ажиллаж байсан Зуучлах товчоо хэвийн үйл ажиллагаагаа явуулан БНСУ-д 10000 гаруй хүнийг зуучлан ажиллуулсан нь улс оронд багагүй хувь нэмэр болж байгаа. М.Энхболдын Засгийн газрын гишүүдийн ашиг сонирхлоос Зуучлах товчооны үйл ажиллагаа доголдон төрийн оролцоо орсныг хэн бүхэн мэднэ. Гадаадад ажиллахаар хүсэлтээ гаргасан 10 мянган хүний асуудлын талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа, энэ жил гадаадад ажиллах хүч гаргах ажлын явц ямар хэмжээнд байгаа талаар Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгахгүй байгаад АН шүүмжлэлтэй хандаж байна.

Тав. Зарим аймаг, сумдын Засаг дарга УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхийг үл хүндэтгэн “өөрийн тойргоос сонгогдоогүй УИХ-ын гишүүдтэй хамт явж ажиллахгүй” хэмээн улс төржиж байна.

Зургаа. 2006 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ёстой байсан малчдыг нарны цахилгаан үүсгүүрээр хангах арга хэмжээ тендер будлиантсан, тендерт ялсан компани нь ор сураггүй алга болсоноос одоо болтол хэрэгжээгүй байна. Үүний улмаас ТЭХЯ-аас ажлын хэсэг гарган Солонгос улс руу явуулж, араас нь хөөцөлджээ. Ийм Засгийн газар манайхаас өөр оронд байдаг болов уу? Эрчим хүчний шугам барих тендерийг хязгаарлагдмал орчин, хязгаарлагдмал хугацаанд /тухайлбал 2 хоногт/ ажил гүйцэтгэгчийг шалгаруулж танил тал, найз нөхөддөө болон наймаалцах замаар гэрээ байгуулсан. Түүнчлэн Ерөнхий сайд, Түлш эрчим хүчний сайд нар ТЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Цэрэнпүрэвийг хууль бус үйлдлээ хийлгэх гэж дарамтласнаас гадна түүний өвчтэй байхад үүрэг гүйцэтгэгч томилон эрхийг нь хууль бусаар шилжүүлж олон гэрээнд гарын үсэгт зуруулсан байна.

Долоо. 0-18 насны хүүхэд бүрт 2007.01.01-ээс хүүхэд бүр жилд нийтдээ 136000 мянган төгрөг авах болсон. Гэтэл энэ мөнгөө авах гэсэн эцэг, эхчүүдийг багагүй бухимдуулсан хүнд суртал газар авч байна. Мөнгөө авахаар очсон хүмүүст нэрийн дансанд нь хийсэн эсвэл мөнгө байхгүй гэх шалтгаанаас үүдэн гомдол ихээр гарч байна. Иргэд хүүхдийн мөнгийг улирлаар биш cap бүр авахыг хүсэж байна. Одоо хүүхдийн мөнгийг Хадгаламж банк, Монгол шуудан банк, ХААН банк олгож байна. Энэ гурван банкинд хүүхдийн мөнгөний хуваарилалт дүүрэг дүүргээр нь хийгдээгүй байна. Тухайлбал Баянгол дүүрэгт харьяалагддаг өрх өөр дүүргээс хүүхдийн мөнгөө авах жишээтэй хүнд суртал ноёлж байна.

Найм. Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр ажлын байр нэмэгдүүлж бий болголоо гэж ярьж байгаа боловч ажлын байр нэмэгдүүлэх талаар тодорхой хийсэн зүйлгүй, үр дүн нь мэдрэгдэхгүй байна.