Б.Эрдэнэбат сайдыг огцруулахыг Байнгын хороо дэмжлээ (2007.05.11)

A- A A+
Б.Эрдэнэбат сайдыг огцруулахыг Байнгын хороо дэмжлээ (2007.05.11)

Б.Эрдэнэбат сайдыг огцруулахыг Байнгын хороо дэмжлээ (2007.05.11)

Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хэлэлцээд хуралд оролцсон 15 гишүүний 9 нь огцруулах нь зүйтэй гэж санал өгснөөр энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээр болжээ. Огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч ажлын цаг дуусан гэдгээр МАХН-ын бүлэг завсарлага авсан байна. Хэвлэлүүдийн үзэж байгаагаар энэ үед УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн ирц хангалтгүй байснаас хойшлуулсан аж. Ийнхүү Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ өнөөдөр авч хэлэлцэх юм.
Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг “Буман нарны гэрэл” хөтөлбөрт зориулсан төсвийн 5.7 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулсан мэдээллийг шалгах зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэдний дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо өчигдөр авч хэлэлцжээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдснаар, нэгд, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нь 2006 оны Төсвийн хуулийг зөрчин 50 мянган малчин өрхийг нарны иж бүрдэл зайгаар хангах ажлыг хэрэгжүүлж чадаагүй. Үүний зэрэгцээ зориулагдсан хөрөнгийн дийлэнх хэсэг болох 5.7 тэрбум төгрөгийг хууль зөрчин зориулалт бус зүйлд буюу эрчим хүчний шугамын санхүүжилтэд зарцуулсан байна. Энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь Б.Эрдэнэбат сайд, Сангийн сайд Н.Баяртсайхан нарын “Хөрөнгө зохицуулах тухай“ 2006 оны арванхоёрдугаар сарын 7-ны 404/121 дугаар хамтарсан тушаалаар нотлогджээ.

Хоёрт, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат 2006 онд хэрэгжүүлж чадаагүй дээрх ажлаа 2007 онд дамжуулан хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд Н.Баяртсайхантай хамтран 2007 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 98/36 тоот “Хөрөнгө зохицуулах тухай” хамтарсан тушаал гаргасан нь төсвийн тухай хууль болон УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон байна.

Гуравт, 50 мянган малчин өрхөд нарны иж бүрдэл зайгаар хангах ажлыг хэрэгжүүлэхэд зориулагдсан хөрөнгө хууль бусаар өөр зүйлд нэгэнт зарцуулагдсан тул энэхүү ажлыг 2007 онд хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэн даруй тодотгол хийх замаар шийдвэрлэх шаардлагатай байгааг Эдийн засгийн байнгын хороонд мэдэгдэх нь зүйтэй гэж үзжээ.

Дөрөвт, Монгол Улсын 2006 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд объект нэг бүрээр хянан шалгах ажлын хэсгийг Байнгын хорооноос зохион байгуулж ажиллуулах саналыг ажлын хэсэг дэвшүүлсэн байна.

Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Н.Батбаярын үзэж байгаагаар 2006 оны Төсвийн тухай хуульд 50 мянган малчин өрхийг нарны эрчим хүчээр хангахаар заасныг хэрэгжүүлж чадаагүй. 5.7 тэрбумыг нь тушаал гаргаад, өөр хувийн компаниуд тэр дотор Б.Эрдэнэбат сайдын “Эрэл” компанид гэхэд л 157 сая төгрөг олгосон бөгөөд эдгээр хөрөнгө оруулалтыг сайдын тушаалаар биш төсвийн тодотголоор шийдэх учиртай аж.