Оюу толгой, Таван толгойн гэрээний төсөл бэлэн болжээ (2007.06.27)
2007 оны зургадугаар сарын 26-нд болсон Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас “Айвенхоу майнз Монголия инк”, “Энержи ресурс” компаниудтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар Сангийн сайд Н.Баяртсайхан танилцуулжээ.
“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд
-Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” төслийн 34 хувийг үнэ төлбөргүй шууд эзэмших,
-”Айвенхоу майнз Монголия инк” ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу татвар, төлбөр, хураамжуудыг бүрэн төлөх,
-Зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан тохиолдолд уг үйлдвэрийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмших,
-Газар ашигласны төлбөрийг Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх,
-”Оюу толгой” төсөлд шаардагдах дэд бүтцийн зардлыг “Айвенхоу майнз Монголия инк” ХХК бүрэн хариуцаж санхүүжүүлэх,
-Төсөл ашиглалтад орсны дараа нийт ажиллагсдын 90 хувь нь монгол ажилчид байх зэрэг заалтууд тусчээ.
Ийнхүү сүүлийн таван жил орчим яригдаж, ихээхэн хүч хөдөлмөр шаардсан гэрээний төслийг Засгийн газар бэлэн болгож, УИХ-д өргөн барихаар боллоо.
“Таван толгой”-н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд “Энержи ресурс инвест” ХХК Засгийн газарт “Таван толгой” ордын 86 хувийг шилжүүлж, тус ордын 14 хувийг эзэмших, өөрөөр хэлбэл ордыг ашиглалтад оруулах “Энержи ресурс” ХХК-ийн 50 хувийг Монгол Улсын Засгийн газар, 36 хувийг стратегийн хөрөнгө оруулагч, 14 хувийг “Энержи ресурс инвест” ХХК эзэмшихээр тусгасан байна. Татвар, дэд бүтцийн санхүүжүүлэлт, монгол ажилчдын эзлэх хувь зэрэг нь “Оюу толгой” төслийнхтэй адил байна. Энэ ордыг ашиглах асуудлыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бараг 40-өөд жилийн турш сонирхож байсан нь ийнхүү бодит ажил хэрэг болох боломж бий боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба мэдээлжээ.