2008 онд Монголын эдийн засаг 9,4 хувь өснө хэмээн Засгийн газар тооцоолжээ (2008.09.20)
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл болон 2008 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн байна. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, 2008 оны үндсэн чиглэл, төсвийн төсөл нь цаг хугацааны хувьд урьд жилүүдийнхээс нэлээд эрт боловсруулсан төдийгүй эрдэмтэд, судлаачдын санал зөвлөмжийг авсан, төсөв, үндсэн чиглэлийн уялдааг хангахад зохих түлхэц болж байгаагаараа онцлогтой аж. Түүнчлэн нэлээд томоохон төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тусламжтайгаар сумдын эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх, газар тариалан, боловсрол, эрүүл мэндийн салбар болон хүний эрүүл орчинд амьдрах, хүнсний аюулгүй баталгаат байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүд бодлого болж тусгагдсан байна.
2008 оны Үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн бодит өсөлтийг 9.4 хувь, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 1574 ам.долларт тус тус хүргэх, инфляцийг нэг оронтой тоонд барих, гадаад валютын цэвэр албан нөөцийг 1.580.0 сая ам.долларт хүргэх, экспортын хэмжээг 13.0 хувь өсгөж, гадаад худалдааны тэнцэл 49.4 сая ам.долларын ашигтай байх, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 9.2 хувиар өсгөх, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинээр төрсөн хүүхдэд олгох тэтгэмжийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, тэтгэврийн хэмжээг 15 хувиар, төрийн албан хаагчдын цалинг 20 хувь нэмэх зэрэг бодлого тусгагджээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2008 оны төсвийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган дараагийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтжээ.
Энэ асуудалтай холбогдуулан Сангийн сайд Н.Баяртсайхан “АЭ” /¹184/ сонинд ярихдаа, 2008 онд эдийн засгийг 9.4 хувиар өсгөх зорилтыг дэвшүүлэхээр Засгийн газар тооцоолсон хэмээн мэдэгджээ. Түүнийхээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2008 онд 5.4 триллион төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд 2.4 триллион төгрөгийн төсвийн орлого олж ийм хэмжээний зарлага гаргахаар тооцсон аж. 2005 онд Монгол Улсын төсвийн нийт хэмжээ 800 тэрбум төгрөг байсан бол 2005 оноос хойш гурван жилийн хугацаанд төсвийн орлого гурав дахин нэмэгдэж байна. 2006 онтой харьцуулахад хоёр дахин өсч байгаа аж. Нийтдээ 441 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 2008 онд хийх гэж байна хэмээн Сангийн сайд ярьжээ.
2008 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль явагдахтай холбоотойгоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт болон улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээнүүдийг 2008 онд гүйцээж хэрэгжүүлэх зорилтыг тавьж байсан гэж тэрбээр хэлжээ. 2008 онд Цалин хөлсийг 20 хувиар нэмэгдүүлж хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 300 мянган төгрөгт хүргэхээр тооцсон аж.
Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бид УИХ-д өргөн бариад байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж тооцож байгаа хэмээн Н.Баяртсайхан мэдэгджээ. Одоогоор манай эдийн засгийн гол салбар бол уул уурхайн салбар болж байна. Уул уурхайн салбар Монгол улсын төсвийн хөрөнгийн 40 гаруй хувийг бүрдүүлэх хэмжээнд хүрчээ. Тэгэхээр бид уул уурхай бодит эдийн засгаа дэмжих хэрэгтэй байгаа юм гэж тэрбээр мэдэгдэв.