МСС-ийн төслүүд Монголд таван жилийн хугацаатай хэрэгжих болов (2007.09.21)

A- A A+
МСС-ийн төслүүд Монголд таван жилийн хугацаатай хэрэгжих болов  (2007.09.21)

МСС-ийн төслүүд Монголд таван жилийн хугацаатай хэрэгжих болов  (2007.09.21)

Монгол Улс 2004 онд Мянганы сорилтод хамрагдах 16 орны тоонд багтаж, энэ үеэс эхлэн төсөл боловсруулахад бэлтгэх Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж төслүүдээ ч илгээсэн. АНУ-ын Мянганы сорилтын корпорациас 2007 оны есдүгээр сарын 12-нд эцсийн шийдвэрээ гаргаж Монголд тусламж үзүүлэхээр болжээ. Ийнхүү гурван жилийн дараа бидний зорьсон хэрэг бүтлээ хэмээн Сангийн аямны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар “АЭ” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. 

МСС-аас нийтдээ 285 сая ам.допларын тусламж ирэх болсон нь манай улсад хийж байсан хөрөнгө оруулалтуудаас арав дахин их хэмжээ юм ажээ. Энэхүү тусламж  хүн амтай нь харьцуулахад хамгийн их хэмжээнийтэй буюу Монгол Улс хамгийн  том төсөл хэрэгжүүлж байна гэсэн үг хэмээн Ч.Хүрэлбаатар ярьжээ. Түүний хэлснээс үзвэл дээрх санхүүжилтийг дөрвөн төсөлд зарцуулна. Тухайлбал, төмөр замын төсөлд 188 сая, эрүүл мэндийн төсөлд 17 сая, мэргэжлийн сургалт үйлчилгээний төвүүдийн төсөлд 25 сая, хөрөнгийн бүртгэлтэй холбоотой төсөлд 21 сая, захиргааны зардалд 30 сая ам.доллар тус тус зарцуулах аж.

Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, ирэх сарын /аравдугаар сар/ хоёрдугаар хагаст АНУ-д болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсны дараа хэрэгжиж эхлэх бүх нөхцөл нь биелнэ гэжээ.  Бүх төсөл таван жилийн хугацаанд хэрэгжиж дуусах ажээ.

Түүнчлэн өдөр тутмын сонинуудад мэдээлснээр бол Америкийн тал манайд дахин 6,595 435 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Ийм тусламж үзүүлэх тухай хоёр талын хоёр хэлэлцээрт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Минтон, Монгол Улсын Сангийн сайд Н.Баяртсайхан нар өнөөдөр гарын үсэг зурах юм байна. Хэлэлцээрүүд Монгол Улсын ирээдүйд чухал ач холбогдолтой ил тод сайн засаглал болон худалдааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эдийн засгийн зөв бодлогын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх юм байна. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлжээ.