Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов (2007.10.16)

A- A A+
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов (2007.10.16)

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов (2007.10.16)

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын  10 дугаар хуралдаан өчигдөр болсон бөгөөд энэ  үеэр Хятадын Засгийн газар Монгол Улсад 20 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Тус албаны мэдээнд дурдснаар Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн дарга Чэн Зянь тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ хуудсаар баяжиж байгааг тэмдэглээд  2008 онд БНХАУ-д болох Олимпийн их наадмын үеэр Бээжин хотыг зорих жуулчдын тоо нэмэгдэх нь тул төмөр замын зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх  санал тавьжээ.

Засгийн газар хоорондын аравдугаар хуралдаанаар  хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг тодорхойлж, энэ чиглэлээр дунд хугацаанд хамтарч ажиллах хөтөлбөрүүдийг тохирсон аж. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцын 300 сая ам.долларын төсөл, БНХАУ-д эрчим хүч экспортлох, ашигт малтмалын зарим орд газруудыг ашиглах зэрэг асуудлын талаар ярилцсан хэмээн Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.  Түүний хэлснээс үзвэл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ тухайн хөрөнгө оруулагч манай улсын хууль дүрмийг дээдэлдэг, байгаль орчинд халгүй техник технологи ашигладаг, харилцан ашигтай байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Эиэ чиглэлээр Хятадын талаас тодорхой санал санаачилга гарна байх гэж бодож байна гэж тэрбээр мэдэгдсэн аж.

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас томилох юм байна. Хятадын Засгийн газар Монголын зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.  Тухайлбал, нүүрсний ордууд дээр хамтарч дулааны цахилгаан станц байгуулах, эрчим хүч экспортлох саналыг Хятадын тал гаргасан гэж дэд сайд хэлжээ. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын херөнгө оруулагчдын үйл ажиллагаа тогтвортой, харилцан үр ашигтай байх чиглэлээр санал тавьж, зарим хөрөнгө оруулагчдын цуцлагдсан лицензийн асуудлыг хөндсөн байна.