Монгол Банктай холбоотой асуудал босов (2007.10.17)
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Банкны 2006 оны санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр тус банкны нөөцийн сангаас 400 гаруй тэрбум төгрөг дутсан тухай дуулиан дэгджээ. УИХ-аас томилсон ажлын хэсэг тус банкинд шалгалт хийх үеэр энэ нь илэрсэн аж. Ажлын хэсгийн шалгалтын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд “нууц” гэсэн тайлбартайгаар тараасан боловч мэдээлэлтэй танилцсан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр Монгол Банкны удирдлагаас одоо тус банкны нөөцөд хөрөнгө үлдсэн эсэхийг асууснаар энэ асуудал ил болжээ. Тэрбээр энэ талаар дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.
Батж.Батбаярын сэтгүүлчдэд мэдээлснээр 2006 оны гуравдугаар сард Монгол Банк УИХ-аар батлуулж, Засгийн газраар хэлэлцүүлэх ёстой байтал ямар ч зөвшөөрөлгүйгээр Малайзын “SIL” гэдэг компанид 200 сая ам.долларыг улсын нөөцөөс аккредитив гаргаж өгсөн байна. Уул мөнгийг 40 мянган айлын орон сууцыг санхүүжүүлэх зориулалттай гэж тайланд бичжээ. Аккредитивын хугацаа нь энэ оны долдугаар сарын нэгэнд дууссан боловч одоог хүртэл нэг ч төгрөг орж ирээгүй бөгөөд 21 сая ам.доллар нь ор тас алга болсон хэмээн тэрбээр мэдээлжээ.
Үүнээс гадна Монгол Банк "Алтан Дорнод Монгол" компанийн алтны 15 хувийг барьцаалж, үлдсэн 85 хувиар нь бодож 85 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ-ын гишүүн Батж.Батбаяр үзэж байна. Үүнээс болж одоо Татварын ерөнхий газар "Алтан Дорнод Монгол"-ын өмнөөс Монгол Банкнаас татвар нэхэж байгаа төдийгүй "Жерард металз" компанид Монгол Банк "Алтан Дорнод Монгол"-ын өмнөөс 13.5 сая ам.долларын өрийг төлж барагдуулжээ. Мөн Монгол Банк 10 сая ам.долларыг ОХУ-ын "Кредит транс" банкинд шилжүүлж, энэ банк нь дампуурахаар шүүхдэнэ гээд нэмж 1.5 сая ам.доллар төлсөн нь бараг 15 тэрбум төгрөг болжээ.
Нэгэнт ийм ноцтой асуудал боссон учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болж өнөөдөр хуралдаанаа үргэлжлүүлэн хийж байна. Уг хуралд Монгол Банкны ерөнхийлөгч А.Батсүх болон газрын дарга нар, екс ерөнхийлөгчөөр О.Чулуунбат нар оролцож байгаа аж. А.Батсүхийн тайлбарласнаар энэ асуудлыг О.Чулуунбат ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэжээ. Монгол Банкны тухай хуулинд ерөнхийлөгч нь бие даан шийдвэр гаргах эрхтэй байдаг аж.
УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн тайланд дурдснаар тус банк 2006 онд 3.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ бол Монгол Банкны хувьд хэвийн үзэгдэл. Бид ашгийн төлөө ажилладаггүй хэмээн ноён А.Батсүх мэдэгдсэн байна.
Монгол Банк алдагдалтай ажиллаж байгаад дүгнэлт хийн УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн Эдийн засгийн байнгын хороо үзжээ.