МАХН-ын Их хурал үргэлжилж байна (2007.10.25)

A- A A+
МАХН-ын Их хурал үргэлжилж байна (2007.10.25)

МАХН-ын Их хурал үргэлжилж байна (2007.10.25)

Монголын хамгийн ууган, нөлөө бүхий улстөрийн хүчин болох МАХН-ын 25 дугаар их хурал гуравдахь өдрөө Улаанбаатар хотноо болж байна. Энэ хурлыг МАХН-ыг шинэчлэх их хурал болно хэмээн зөвхөн тус намын 161,5 мянган гишүүн төдийгүй  Монголын нийгэм бүхэлдээ хүлээж байгаа юм. Хэдийгээр гурван өдөр үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан боловч хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичиж байгаагаас үзвэл үг хэлэх гишүүд маш их байгааагаас ийн сунжирчээ.  Тус нам дөрвөн жилд нэг удаа хуралддаг боловч  гишүүдийнхээ шаардлагаар өмнөх их хурлаасаа хоёр жилийн дараа ийнхүү хуралдлаа. Их хурлаар тус намын даргыг дахин сонгох бөгөөд намын дарга, ерөнхий сайд хоёрын албыг нэг хүн зэрэг хаших эсэх асуудлыг авч хэлэлцэнэ. Сүүлийн их хурлаасаа хойш тус намын нэр хүнд огцом унаж байгаа нь эдгээр асуудлыг авч үзэх гол үндэс болсон гэж тус намынхан үзэж байна.  Их хуралд  намын анхан шатны байгууллагуудын хурлаас шууд сонгогдсон 678 төлөөлөгч оролцож байна. Их хурал тус МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрэм, МАХН-ын тунхаг бичиг болон бусад баримт бичгийг хэлэлцэн батлах юм.

МАХН-ын ХХҮ Их хурлын нээж МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд “Хөгжлийн бодлого, МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан зорилт” сэдвээр нэг цаг 40 минут улстөрийн илтгэл тавьжээ. Түүний хэлснээс үзвэл “ХХIҮ Их хурлаа хуралдуулснаас хойшхи хоёр жилийн хугацаанд МАХН-ын дотоод амьдралд олон чухал үйл явдал болж, намын шинэчлэлд чанарын эргэлт авчрах шинэ эхлэл тавигдлаа. Тухайлбал, 2006 онд нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшүүлэх асуудлаар нийт намын хэмжээнд өргөн хэлэлцүүлэг явуулж, 2007 оны зургадугаар сард НАШБ-уудын дарга нарын бүсчилсэн зөвлөлгөөнийг зургаан аймаг, Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь гишүүдийнхээ үгийг сонсч намын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, дотоод ардчиллыг хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо” хэмээн хэлжээ.

Хурлын хоёр дахь өдөр төлөөлөгчид “Монгол хүний хөгжил”, “Монгол төрийн шинэчлэлийн тулгамдсан асуудал”, “МАХН-ын өөрчлөлт шинэчлэл” сэдэвт гурван салбар хуралдаан хийж, санал бодлоо солилцжээ. Асуудал тус бүрээр нь тодорхой баримт бичиг гаргахаар болсон аж.
Өнөөдрийн хурлаар эдгээрийн баримт бичгийг хэлэлцэн батлахын сацуу МАХН-ын даргын сонгууль болно. Намын даргад хоёр хүн нэр дэвшинэ хэмээн ажиглагчид дүгнэж байгаа бөгөөд одоогийн дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр гол өрсөлдөгчид байх аж. Энэ хоёр эрхэм нь 1200 гаруй төлөөлөгч оролцсон өмнөх их хурлаар мөн өрсөлдсөн агаад С.Баяр нь 20 хүний саналаар ялагдаж байжээ.