МАХН-ын шинэ дарга Ерөнхий сайд болох төлөвтэй (2007.10.29)

A- A A+
МАХН-ын шинэ дарга Ерөнхий сайд болох төлөвтэй (2007.10.29)

МАХН-ын шинэ дарга Ерөнхий сайд болох төлөвтэй (2007.10.29)

Санжийн Баяр МАХН-ын даргаар сонгогдсон төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайд болох нь тодорхой болжээ. Ийм шийдвэрийг бүтэн долоо хоногийн турш хуралдсан МАХН-ын XXҮ Их хурлаас гаргасан байна. Тус их хурлаас МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр, тунхаглал, төрийн шинэтгэл, намын шинэчлэл, хүний хөгжлийн талаар аас баримтлах бодлогын баримт бичгүүдийг баталсны зэрэгцээ намын даргаа шинээр сонгосон юм. МАХН-ын даргад таван хүн нэр дэвшсэнээс М.Энхболд, С.Баяр нар өрсөлдөж, 666 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 377 буюу 56.61 хувийн саналаар С.Баяр МАХН-ын дарга болов. Хуучин дарга М.Энхболд 289 буюу 43.39 хувийн санал авсан байна. МАХН-ын Их хурлаас тус намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг мөн шинээр сонгожээ.

МАХН-ын Их хурлаас нэгэн тогтоол батлан гаргасан нь эдүгээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Уг тогтоолоор шинэчлэн баталсан дүрмийн дагуу намын дарга сонгуулийн үр дүнгийн хариуцлагыг бүрэн хүлээх учир МАХН-ын дарга Ерөнхий сайдын, аймаг, нийслэл, сумдын намын хороодын дарга нар Засаг даргын албатай хавсран хашихыг юуны өмнө бататгахыг МАХН-ын Бага хуралд үүрэг болгожээ. Түүнчлэн төр, засгийн байгууллагад МАХН-ын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон гишүүд, дэмжигчдийнхээ хүч анхаарлыг доорх асуудлуудад төвлөрүүлж ажиллахыг МАХН-ын бүх шатны байгууллагуудад даалгасан байна. Үүнд:

1.Эдийн засгийн хөгжлийг түргэтгэж оновчтой бүтэц бүрдүүлэх, үйлдвэржүүлэлтийн бодлогыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих,
2.Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлж эх орны үйлдвэрийн аюулгүй хүнсээр хангах, хүнс өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдлыг хангах оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлах,
3.Ядуурал, ажилгүйдлийг тууштай багасгахад чиглэсэн бодитой арга хэмжээ авч, ажлын байр бий болгох санаачилгыг зохион байгуулалтын болон санхүүгийн бодлогоор дэмжин урамшуулах, ард түмний бодит орлогыг тууштай нэмэгдүүлэх, ашигт малтмал, байгалийн баялгаас ард иргэдэд хувь хүртэх боломжийг олгож өрх гэрийн хуримтлал бий болгох,
4.Төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, авлигыг шахан зайлуулахад чиглэсэн цогц арга хэмжээг тууштай авах,
5.Намын нэрээр төрийн албанд томилогдсон хүмүүсийн ажлын хариуцлага, үр бүтээлийг дээшлүүлж олон нийтэд ил тод, нээлттэй ажиллуулах, ажлын хариуцлага алдсан, хууль зөрчсөн, хүнд суртал чирэгдэл гаргасан хүмүүстэй шуурхай хариуцлага тооцож ажиллах,
6.Бүх шатны сонгуульд бэлтгэх ажлыг эрчимжүүлж олон түмний хяналттай, чадварлаг, мэргэшсэн бүрэлдэхүүнтэй хурлыг бүрдүүлэх шаардлагад нийцүүлэн сонгуулийн тогтолцоо, хуулийг шинэчлэх, сонгуулийг мөнгөний нөлөөллөөс ангид, тэгш шударгаар явуулахыг үүрэг болгожээ. МАХН-ын дотоод ардчиллыг гүнзгийрүүлж, намын ажилд гишүүдийг өргөнөөр татан оролцуулах, нам олон нийтэд нээлттэй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр намын шинэчлэлийг түргэтгэх, намын боловсон хүчнийг бэлтгэж, улстөр, ажил хэрэг, ёс суртахууны шалгуураар сонгон шалгаруулж нам, төрийн ажилд дэвшүүлдэг байхыг даалгажээ.

Энэхүү тогтоолын төслийг Их хурлын төлөөлөгчдийн олонхи буюу 412 нь дэмжжээ. Харин 185 нь тогтоолыг гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

МАХН-ын даргаар сонгогдсныхоо дараа С.Баяр хэлсэн үгэндээ “Нам дотроо эв нэгдлийг эрхэмлэхээс гадна улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө улстөрийн бусад намтай эв нэгдэлтэй үйл ажиллагаа явуулна. Манай намаас нэр дэвшиж төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Ерөнхийлөгчтэй хуулийн хүрээнд хамтран ажиллахыг гол зорилтоо болгоно” хэмээн гэж онцлон хэлжээ.


С.Баярын намтар

Санжаагийн Баяр 1956 онд Улаанбаатар хотод төрсөн.

1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн III дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IҮ газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, “Монгол пресс” агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-ны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна. МАХН-д 1988 онд элссэн.