Шинэ Засгийн газрын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ (2007.10.31)
МАХН-ын шинэ удирлага өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ийн мэдэгдэв. Засгийн газрыг байгуулах талаар албан ёсоор яриа хэлэлцээ хийгээгүй байгаа ч энэ долоо хоногт бэлтгэл ажлаа хангаад, ирэх долоо хоногт хуулийн дагуу асуудлаа оруулна хэмээн МАХН-ын дарга С.Баяр хэлсэн байна. Тэрбээр энэ асуудлаар парламентад суудалтай бүх намтай зөвшилцөнө хэмээн мэдэгджээ. Ирэх сонгууль хүртэл хугацаа давчуу учир их олон ажил амжуулж чадахгүй нь тодорхой тул тулгамдсан асуудлуудаас эн тэргүүний гэснийг нь шийдвэрлэх арга хэмжээ авна хэмээн тэрбээр үзэж байгаа ажээ.
Түүний хэлснээс үзвэл Засгийн газрын танхимын гишүүдийн олонхийг УИХ-ын гишүүд бүрдүүлдгийг авч үзэж, танхимын гишүүдийн гуравны нэг нь, эсвэл 50 хувь нь УИХ-ын гишүүн байх бололтой. Зохист харьцаа байх ёстой гэсэн зарчмаар л танхимаа бүрдүүлэх бодолтой байна хэмээн С.Баяр хэлсэн байна. Харин УИХ-ын гишүүдээс, эсвэл бүр “гаднаас” шинэ хүн оруулах уу гэдгийг намуудтай зөвшилцөж байж шийдэх юм байна. Одоо байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаач гэсэн саналыг М.Энхболдод тавина. Хүлээж авна гэж найдаж байна хэмээн тэрбээр мөн хэлжээ. Түүнчлэн төрийн байгууллагын бүтцийг чадварлаг, цомхон болгох талаар МАХН үзэл баримтлалаа тодорхойлсон. Гэхдээ бүтцийн өөрчлөлтийг сонгуулийн дараа, эсвэл одоо хийх эсэхийг ярьж шийднэ хэмээн тэрбээр ярьжээ.
Энэ хурлыг МАХН-ын дарга С.Баяр, ерөнхий нарийн бичгийн дарга Е.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, Л.Амарсанаа, Т.Ганди, Ц.Нямдорж, М.Энхболд нар хийлгэжээ. Нарийн бичгийн дарга нарын эхний гурав нь орон тооных бол сүүлийн гурав нь орон тооны биш байх аж. Сонгууль дөхсөн учир Удирдах зөвлөлийнхөө ачааллыг хөнгөвчлөх зорилгоор нарийн бичгийн даргаа ийнхүү зургаа болгожээ.