Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах тал дээр санал зөрөлдөөнтэй байна (2007.11.07)

A- A A+
Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах тал дээр санал зөрөлдөөнтэй байна (2007.11.07)

Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах тал дээр санал зөрөлдөөнтэй байна (2007.11.07)

Засгийн газар ажил олгогчдоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ирэх оноос 14 хувь болгон бууруулах саналыг 2008 оны Үндсэн чиглэлд тусгасан. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл энэхүү хэмжээг 10 хувь болгох нь зүйтэй. Ингэснээр ажилгүйдэл буурна хэмээн үзэж байна. Харин УИХ дахь МАХН-ын бүлэг нийгмийн даатгалын хувь хэмжээг ингэж огцом буулгавал нийгмийн даатгалын сан дампуурна гэж үзэж байгаа юм. Ийнхүү хоёр тал нэгдсэн байр сууринд хүрэхгүй байгаа тул УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо сүүлийн үед хуралдаж чадахгүй байна. Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан ч мөн шалтгаанаар хойшилжээ.

Энэ асуудлаар өчигдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлийг хуралдаандаа оролцуулж санал солилцсон байна.  Ажил олгогчийн нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийн хэмжээг аль болох бууруулах чиглэлийг аль аль тал нь барьж байна. Ерөнхий утгаараа бидний санал нийлж байгаа. Хувь хэмжээг Ардчилсан намын зөвлөлийн хэлснээр бууруулвал даатгалын зарим сан хомсдож магадгүй гэж НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл мэдэгджээ.  Харин хомсдолыг нөхөх боломж улсын төсөвт бий гэж  Ардчилсан намын зөвлөлийн гишүүд үзэж байгаа аж. Нийгмийн даатгалын шимтгэлийн баазыг өргөтгөх боломжийн талаар дахин тооцоо хийж ярилцахаар тогтжээ. 

Асуудлыг УИХ хэлэлцэж эцэслэн шийдэх тул Байнгын хороод бодлогоо тодорхойлох ёстой. Тэр бодлогын үр дүнд УИХ дахь намын бүлэг, зөвлөл хоорондоо ярилцан улстөрийн шийдэл гаргана гэж сайд Д.Дэмбэрэл үзэж байна.  Дэмбэрэл сайдын мэдэгдснээр өдгөө нийгмийн даатгалын санд нийтдээ 51 тэрбум төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа аж.