М.Энхболдын Засгийн газар огцорлоо (2007.11.08)
МАХН-ын XXV их хурлаас тус намын даргаар С.Баяр сонгогдож, намын дарга нь Ерөнхий сайд байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд М.Энхболд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ даваа гаригт УИХ-д албан ёсоор өргөн мэдүүллээ. Түүний хүсэлтийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авсан байна. Хуралд тус байнгын хорооны 13 гишүүн бүгд оролцжээ.
Хуульд заасны дагуу түүний өргөдлийг тус байнгын хороо 48 цагт багтаан хэлэлцсэн бөгөөд дүгнэлт нь гарснаас хойж ажлын гурван өдрийн дотор УИХ-ын чуулганаар эцэслэн шийдэх учиртай. Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж асуудлыг хэлэлцээд Засгийн газрыг огцуулахаар санал хураахад 49 гишүүн оролцож, 91.7 хувь буюу 44 гишүүний саналаар М.Энхболдын тэргүүлж буй Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар болсон байна. Дараагийн Засгийн газрыг томилтол танхимын гишүүд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна. Засгийн газрыг огцруулахыг УИХ-ын гишүүн М.Сономпил, Х.Баттулга, С.Отгонбаяр, Б.Эрдэнэбат, Ц.Сүхбаатар нарын таван гишүүн дэмжээгүй ажээ.
Парламентын засаглалтай улсын хувьд УИХ-д олонх болсон, эсвэл олон суудал авсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгийн дагуу Засгийн газар огцорсон энэ явдал Монголд анх удаа болж буй биш юм. 1998 оны дөрөвдүгээр сард Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/, Монголын социал демократ нам /МСДН/ -ын тогтоол гарч Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан огцорч байлаа.