ДЕЛТА Монголд хэрэгжиж эхэллээ (2007.11.14)

A- A A+
ДЕЛТА Монголд  хэрэгжиж эхэллээ (2007.11.14)

ДЕЛТА Монголд  хэрэгжиж эхэллээ (2007.11.14) 

Хөгжлөөс хол тасархай, хүмүүс нь дайжаад хот хүрээ бараадаж эзэнгүй шахам болох гээд байгаа, дэд бүтэц муутай, ядуурал, ажилгүйдэл ихтэй гэгддэг хөдөөгийн иргэд өөрсдөө орон нутгаа яаж хөгжүүлэх талаар шинэ санаачилга гаргаад байна. Тэд өөрсдийн амьдарч буй сумандаа эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьдралынхаа чанарыг дээшлүүлснээр сумаа хөгжүүлнэ хэмээн төсөөлжээ. Бүр нэр бүхий тодорхой төслийг санаачлан гаргасан нь манайдаа анх удаагийнх юм. Тодруулбал, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, тэдний хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн хөгжлийн стратегийг бий болгосон гэсэн үг юм.

 Жимс жимсгэнэ, чацаргана тариалах, фермер, суурин аж ахуйг хөгжүүлэх боломжтой, урлагийн авьяас, ажилч хөдөлмөрч зангаараа алдартай гэх Увсын Тариалангийнхан жимс жимсгэнэ тарьж, сумын төвөө цэцэрлэгжүүлье, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулъя, сумын төвийн цахилгааны шугам сүлжээг шинэчлэе зэрэг арав гаруй төслийг боловсруулжээ.

 Алдарт Тайхар чулуу болон тослог ихтэй өтгөн сүүтэй, хахир хатуу цаг агаарыг давах онцгой чадвартай сарлагаар нь андахгүй Архангайн Ихтамирийнхан эмзэг бүлгийн амьдралтай иргэдийнхээ чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, аялал жуулчлалыг хөгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулъя, Тайхар чулууны бичээсийг сэргээе зэрэг найман төслийг боловсруулсан байна.

 Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн ихэвчлэн үйлдвэрлэж, сумын нэг хүнд дунджаар 23 толгой мал ногддог, аж ахуйн нэгжийн ихэнх нь тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг гэх Хөвсгөлийн Тариалангийнхан ойгоо нөхөн сэргээж хамгаалъя, зөөлрүүлсэн ус түгээх цэг байгуулъя, сумын иргэдийн эрүүл мэндэд анхааръя зэрэг арав гаруй төслийг боловсруулжээ.

 Худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалангийн салбарт голлон үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоё, ТББ, албан бус байгууллагын үйл ажиллагааг дэмжье, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лаборатори байгуулъя, цэвэр ус, нийтийн халуун усны хүртээмж үйлчилгээг сайжруулъя зэрэг төслүүдээ боловсруулаад байна. Эдгээр нь Нээлттэй Нийгэм Форумаас /ННФ/ хэрэгжүүлж буй “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурласан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх-Делта” төслийн хүрээнд сонгож авсан дөрвөн аймгийн дөрвөн сумын стратегийн төслүүд юм.

 Орон нутгийн онцлог, давуу тал, түүн дээр суурилсан эдийн засгийн хөгжлийн загвараа тодорхойлсон эдгээр төсөлд хандивлагчдаас дэмжлэг туслалцаа авч, төслийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх арга замын талаар зөвлөлдөхөөр Хандивлагчидтай хийх уулзалтыг ННФ-аас 2007 оны 11 дүгээр сарын 12-нд зохион байгуулав.

 Уулзалтад оролцогчдын зүгээс сонгуулийн дараа аль нэгэн улстөрийн хүчин гарч ирснээс үл хамааран цаашид хэрэгжинэ гэдэгт ямар баталгаа өгөх, төсөл цаашид удаан хугацаанд хэрэгжихэд гарах үйл ажиллагааны зардлыг сумын төсөвт хэрхэн тусгах, аймгуудын хөгжлийн стратеги, бүсчилсэн хөгжлийн стратеги, тогтвортой байдлын цогц бодлого зэрэг хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулсан эсэхийг асууж тодруулсан юм. Үүний хариуд Засаг дарга нар “Энэ стратеги 2015 он хүртэл хэрэгжинэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас стратегид хяналт тавин ажиллах бүрэн боломжтой” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, сумын ИТХ-аас хэлэлцэж баталгаажуулсан учраас ямар ч үед хэрэгжээд явах бололцоотой гэнэ.

 Төслийн зөвлөх Нэйтэн Боргфорд “Энэ нь хөгжлийн түвшин ямар байгаагаас үл хамаарсан аргачлал. Хаана ч хэрэгжүүлж үр дүнд хүрч болно. Цаашид тогтвортой байна гэдэг дээр хэн ч баталгаа гаргаж чадахгүй шүү дээ. Ямар ч гэлээ орон нутгийн иргэд байсаар байх болно. Тийм учраас тэдний боловсруулсан стратеги хэрэгжих л болно” гэж хэллээ.

 Мөн хэрэгцээн дээр тулгуурлаж, нийлүүлэлтийн тал дээрээ анхаараагүй, зөвхөн доноруудад хандаж байгаа, хэрэгжүүлэгчээр ихэнхдээ сумын тамгын газар байгаа, ТББ-уудыг энэ ажилд татан оролцуулахад анхаарах, 6000 хүнтэй суманд 4.5 тэрбум төгрөгийн төсөл гэж хийж байгаа талаар сануулсан, шүүмжилсэн асуултууд гарч байв.  

 ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал “Төрийн байгууллагад хандах асуудал бий. Бидний хандах цорын ганц субьект нь донорууд биш” гээд “Бизнесийн хөгжлийн орчныг сайжруулахад илүү анхаарсан стратеги байх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Гэвч сумыг хөгжүүлэх асуудлыг гаргаж тавихаараа ийм “хүслийн жагсаалт” болчихоод байгаа”-г нуусангүй. Цаашид ННФ-ын зүгээс бизнесийн орчинд илүүтэй анхаарч, стратегийг улам боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг зорьж байгаа аж.

 Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгаль орчныг хөгжлийн бодлоготой нь уялдуулан одоогийн байгаагаас нь доройтуулахгүй байх, түүнчлэн стратегид тусгагдсан төслүүдийг тухайн чиглэлийнх нь хөрөнгө оруулалттай нь уялдуулах талаар оролцогчид зөвлөлөө.

 Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурласан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх-Делта” төслийг анх 2002 онд Косовод орон нутгийн хөгжлийн төсөл хэлбэрээр хэрэгжүүлжээ. Эдүгээ энэ төслийг хэрэгжүүлж байгаа гуравдахь орон нь Монгол болж байгаа гэнэ.

 Оролцоонд тулгуурласан хөгжил нь гадныхны дүн шинжилгээ биш, орон нутгийнхны мэдлэг туршлагаар бий болсон “бүтээгдэхүүн” учраас хөгжлийн талаарх цогц төсөөлөл буюу хөгжлийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийтийн түншлэлийг бий болгож байгаагаараа онцлогтой аж. Тодруулбал, сумын төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд, сумын иргэд хамтран хөгжлийн таатай нөхцөл боломжуудыг шинжилж, тодорхой ач холбогдол бүхий төслүүдийг гаргаж ирсэн нь цаашид дэмжлэг авах боломжтой гэж төслийнхөн үзэж байна.
 
Г.ӨЛЗИЙСАЙХАН