Засгийн газар Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авах байр суурьтай байна (2007-11-28)
Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас татаж авахаар болжээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гаргасан гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ. Тус албаны мэдээлснээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр “Энержи ресурс” компанийн хувьцаа эзэмшигч “MCS”, “Алтай трейдинг”, “Петровис”, “Майн инфо”, “Моннис” зэрэг Тавантолгойн нүүрсний ордын төслийн үндэсний консорциумын бүрэлдэхүүнд багтдаг компанийн төлөөлөгчдийг мөн өдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр Монголын төр 1950-иад оноос хойш Тавантолгойн орд газарт эрэл хайгуулын ажлыг идэвхтэй хийж, нүүрсний томоохон нөөцтэйг тогтоосны гадна түүнийг ашиглах талаар 1970-аад оноос хойш анхааран, ажиллаж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу уг орд газрын лицензийг дэлхийд томд тооцогддог “Би Эйч Пи” компани авсан хэдий ч эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзээд буцаасан үед бизнесийн ихээхэн эрсдэлтэй шийдвэрийг дотоодын хөрөнгө оруулагчид гарган, лицензийг хууль ёсоор авч, холбогдох хөрөнгө оруулалт хийж ирснийг Ерөнхий сайд онцолжээ. Мөн тус орд газрыг Монгол түмний өмч хэвээр хадгалж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг эрмэлзэж ирсэн дотоодын консорциумын хувь нэмрийг төр засаг, олон түмэн үнэлэх учиртай гэж тэрбээр үзэж байгаа аж.
Монголын ард түмэнд зүй ёсоор оногдох энэхүү баялгийг одоо ашиглах цаг нь болсон гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд С.Баяр онцлоод цаг алдах тусам төсөл хэрэгжих боломж бүдгэрч, ордыг тойрсон улстөржилт, хийрхэл газар авч, улс төрийн болон эдийн засгийн орчны тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээнд дурджээ. Эдгээрийг үндэс болгон “Тавантолгойн орд газрыг төр бүрэн мэдэлдээ авах байр сууринаас яриа хэлэлцээг үргэлжлүүлэх саналтай байна. Орд газрыг аль болох богино хугацаанд ашиглаж эхлэх, төслийг эцэс төгсгөлгүй элдэв маргааны золиос болгохоос урьдчилан сэргийлэх, улс орны аюулгүй байдлын урт хугацааны нэмэлт баталгаа болгохын ач холбогдлыг ухамсарлаж, үндэсний компаниудын консорциум энэ чиглэлээр тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэж байна ” гэж Ерөнхий сайд С.Баяр мэдэгджээ.
“Энержи ресурс”-ийн төлөөлөгчид Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг хуулийн дагуу авснаа дурдаж, 2004 оноос хойш үндэсний томоохон компаниуд хамтарч ажиллах консорциум байгуулах ажлыг эхлүүлж, лицензийн төлбөрийг бүрэн хийхийн зэрэгцээ орд газрыг ашиглах бэлтгэлийг хангахад шаардлагатай ажлуудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулснаа мэдээлэв. Тухайлбал “Энержи ресурс”-ийнхэн гидрогеологи, топографийн судалгаа, байгаль орчны үнэлгээ, төмөр зам, эрчим хүч зэрэг шаардагдах дэд бүтцийн техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэлүүд, нүүрсний чанарыг баталгаажуулах өрөмдлөгийн ажил зэрэгт олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан юм байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан ч уурхайгаас нэг ч хүрз нүүрс олборлоогүй, лицензийг гаднынханд худалдаж ашиг хонжоо олох бодолгүй байснаа тэд онцолж байв.
Консорциумын төлөөлөгчид Тавантолгойн орд газрын төсөл нь улс орны хөгжил, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг ойлгож, Монгол Улсын Ерөнхий сайдын тавьсан саналыг анхааралтай судалж, энэ чиглэлээр төр, засагтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.