Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа (2007-11-29)

A- A A+
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа (2007-11-29)

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа (2007-11-29)

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд 63,2 хувийн саналаар УИХ-ын тогтоолыг баталсан байна. Уг тогтоолд зааснаар Засгийн газрын бүтцээс Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд гэсэн хоёр албан тушаалыг хасчээ. Түүнчлэн уг тогтоолд Мэргэжлийн хяналтын сайд У. Хүрэлсүх, Онцгой байдлын сайд С.Отгонбаяр нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн заалтыг тусгасан байна.

Энэ асуудлыг Ерөнхий сайд С.Баяр Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн бөгөөд эхний хэлэлцүүлгийг мөн өдөр хийжээ. УИХ дээр Ерөнхий сайдын хийсэн танилцуулгад дурдснаар "Гүйцэтгэх засаглалын нүсэр бүтцийг өөрчлөх шаардлага байгаа хэдий ч УИХ-ын ээлжит сонгууль зарлах хугацаа ойртсон тул бүтцийн томоохон өөрчлөлт хийсэн тохиолдолд төрийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагаа доголдож болзошгүй тул хамгийн боломжтой хувилбаруудыг сонгон эрхэлсэн сайдуудын албан тушаалыг цомхотгох нь зүйтэй” гэж үзжээ. Эдгээр албан тушаалыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасч байгаатай холбогдуулан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой шуурхай асуудал болон тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудлыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Су.Батболдын тайлбарласнаар Засгийн газарт болон төрийн захиргааны төв байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх хэд хэдэн хувилбар бэлэн болоод байгаа аж. Гэхдээ одоогийн энэ хувилбар бол цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой нь гэж тэрбээр ярьжээ.

Ерөнхий сайд С.Баярын мэдэгдснээр бол Засгийн газрын бүтцэд дорвитой өөрчлөлт хийх асуудлыг ирэх онд болох сонгуулиас өмнө УИХ-аар оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх аж.