2008 оны улсын төсөв батлагдлаа (2007-12-03)

A- A A+
2008 оны улсын төсөв батлагдлаа (2007-12-03)

2008 оны улсын төсөв батлагдлаа (2007-12-03)

11 дүгээр сарын сүүлчийн өдөр УИХ ажлын цаг сунган байж 2008 оны төсвийн төслийг хуульчлан баталж амжив. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан 2008 оны улсын төсвийг хөгжлийн төсөв боллоо гэж мэдэгдсэн бол УИХ-ын дарга Д.Лүндээжанцан түүхэн төсөв хэмээн дүгнэсэн байна. Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр триллион давсан төсөв баталсан нь ингэж хэлэхэд хүргэж байгаа бололтой. 2008 онд Монголчуудын амьдралд бодитой ахиц гарна гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээн УИХ-ын дарга Д.Лүндээжанцан үзэж байгаа аж. Юутай ч 2008 он бол сонгуулийн жил болохоор энэ төсөв хоёр ч Засгийн газар дамжиж хэрэгжих юм.

Ийнхүү улстөрчдийн түүхэн хэмээн үзэж байгаа төсвийн онцлогоос дурдвал Монгол Улс түүхэндээ анх удаа ирэх онд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг нэг триллион 718 тэрбум 115 сая төгрөг байхаар хуульчилжээ. Харин зарлагын дээд хэмжээг нэг триллион 946 тэрбум 579 сая төгрөг байхаар баталсан аж. Улсын нэгдсэн төсөв гэдэг ойлголтыг ч хууль тогтоогчид шинэчлэв. Өмнө нь улсын болон орон нутгийн төсвийн нийлбэрийг нэгдсэн төсөв гэж тооцдог байсан бол ирэх оны эхний өдрөөс Монгол Улсыг хөгжүүлэх болон Нийгмийн даатгалын сангууд төсвийн салшгүй бүрэлдэхүүн болов. Өөрөөр хэлбэл, нэгдсэн төсөв нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Нийгмийн даатгалын сан гэсэн дөрвөн эх үүсвэртэй болж байна.

2008 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдсэн байна. Улсын төсвөөр 675 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр тооцжээ. Үүн дээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд 167 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг нийлүүлээд тооцвол ирэх онд 851 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг шинээр барьж, 500 гаруй км хатуу хучилттай зам тавьж, 33 сумыг эрчим хүчтэй холбох аж. Хамгийн энгийнээр хэлбэл 2008 оны төсвийн гурван төгрөг тутмын нэг нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зориулагдана гэсэн үг.

Уул уурхайн салбар, тэр дундаа 68 хувийн гэнэтийн ашгийн татвараас хөрөнгө хуримтлуулдаг Монгол Улсыг хөгжүүлэх санд ирэх онд 363 тэрбум 305 сая төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Үүнээс хөрөнгө оруулалт, их засварын ажилд 235.1 тэрбум төгрөг зарцуулахаар УИХ хуульчлав. Харин хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоход 104 тэрбум 600 сая төгрөг төсөвлөжээ.