Шинэ Засгийн газрын гишүүд томилогдов (2007-12-06)

A- A A+
Шинэ Засгийн газрын гишүүд томилогдов (2007-12-06)

Шинэ Засгийн газрын гишүүд томилогдов (2007-12-06)

УИХ өчигдөр Ерөнхий сайд С.Баярын тэргүүлэх Засгийн газрын танхимын гишүүдийн дийлэнхийг томилсон байна. Засгийн газрын шинэ танхимд одоогоор Байгаль орчны, Түлш, эрчим хүчний, Зам, тээвэр, аялал жуулчлалын гэсэн гурван сайд томилогдоогүй үлдсэн байна. Эхний сайдын тухайд БНН-ын удирдлага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураагүй байгаагаас хойшлогдсон бол Түлш, эрчим хүчний сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/, Зам, тээвэр, ачлал жуулчлалын сайдад нэр дэвшигч З.Ганзориг /Сангийн дэд сайд/ нарыг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үл дэмжихээ мэдэгдсэн тул Ерөнхий сайд С.Баяр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх явцдаа албан бичиг явуулж нэрийг татаад байгаа аж. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд С.баярын мэдэгдснээр бол БНН-тай Засгийн газарт хамтарч ажиллах тухай хэлэлцээгээ үргэлжлүүлж, гэрээнд гарын үсэг зурах бодолтой байгаа ажээ. Нөгөө хоёр сайдад нэр дэвшигчдийн талаар Ардчилсан намтай ойлголцоно гэдэгт тэрбээр найдаж байна. Ерөнхий сайд энэ долоо хоногт багтаан Засгийн газрын танхимын үлдсэн гишүүдийг УИХ-аар томилуулах саналтай байна.

Шинэ Засгийн газрын гишүүдийн намтар

Шадар сайд Миеэгомбын ЭНХБОЛД
43 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. МУИС-ийг төгссөн, Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2006 оны хоёрдугаар сараас 2007 оны арваннэгдүгээр cap хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 2005 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Гадаад хэргийн сайд Санжаасүрэнгийн ОЮУН
43 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. БНЧсУ-ийн Карлын Их сургууль, Кембриджийн Их сургуулийг төгссөн. Геохимич мэргэжилтэй. Шинжлэх ухааны доктор цолтой. Монгол-Чехословакметал хамтарсан үйлдвэрт геологич, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт "Эрдэс боловсруулах төв" байгуулах төслийн мэргэжилтэн, Английн уул уурхай, хайгуулын "Рио Тинто" компанид Монголын төслийг хариуцсан геологич, 1998 оноос "Зориг" сангийн тэргүүн, 1998 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 2004-2005 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан.

Сангийн сайд Чүлтэмийн УЛААН
53 настай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС, ОХУ-ын Удирдлагын академийг төгссөн. Үйлдвэрийн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, хэлтсийн орлогч эрхлэгч, намын даргын зөвлөх, Санхүү, эдийн засгийн сайд, 2004 оны аравдугаар сараас 2006 оны хоёрдугаар cap хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан, 1996 оноос Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2006 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

Үйлдвэр, худалдааны сайд Халзхүүгийн НАРАНХҮҮ
52 настай. Эхнэр, хоёр охин, хүүгийн хамт амьдардаг. ЗХУ-ын Киевийн их сургууль, АНУ-ын Мерилиний их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Гадаад худалдааны яаманд мэргэжилтэн, Сайд нарын Зөвлөлд референт, Худалдаа, үйлдвэрийн яамны Үйлдвэрийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, "Эс Монгол" ХХК-ийн захирал, 2000 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2000 оны 10 дугаар сараас "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Дамдингийн ДЭМБЭРЭЛ
66 настай, эхнэр, 2 хүү, 2 охинтой. МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, ОХУ-ын Нийгмийн ухааны Академийг тус тус төгссөн. Эдийн засагч, улстөрч мэргэжилтэй. Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, Ховд аймгийн МАХН-ын хороонд улстөр, гэгээрлийн кабинетэд эрхлэгч, лектор, Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1990 онд Бага Хурлын гишүүн, 1992 оноос УИХ-ын гишүүнээр, 2007 оны хоёрдугаар сараас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн МӨНХ-ОРГИЛ
43 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Москва хотын ОУХДС, АНУ-ын Харвардын их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. Гадаад харилцааны яаманд НҮБ-ын асуудал хариуцсан дипломат ажилтан, АНУ-ын Вашингтон хотноо "Собл ассошиэйтс" хуулийн пүүст хуульч, "Мөнх-Оргил, Идэш ба Линч" хуулийн зөвлөгөө өгөх компанид хуульч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2004 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2006 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Цэрэндоржийн ГАНХУЯГ
41 настай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. ОХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, Эрхүүгийн Улс төрийн оройн Их сургууль, Германы Гадаад худалдааны академийг тус тус төгссөн. Физикийн багш, улстөр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. МоАХ-ны Завхан аймгийн зохицуулагч, Ардын аж ахуйтны холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, 2000 оноос ИЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан.

Эрүүл мэндийн сайд Бямбаагийн БАТСЭРЭЭДЭН
52 настай. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Анагаах Ухааны их сургууль, Киев хотын Уушгины институтийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор. Үйлдвэрийн эмгэг, мэргэжлийн өвчний улсын диспансерт дотрын эмч, Анагаах ухааны их сургуулийн дотрын тэнхмийн багш, тэнхмийн эрхлэгч, Улсын Клиникийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Анагаах ухааны хүрээлэнгийн эмнэлэг эрхэлсэн захирал, 1999 оноос Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн эмнэлгийн даргаар, 2006 оноос Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Нямаагийн ЭНХБОЛД
50 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, Москвагийн Коммунист намын дээд сургууль, Австралийн Сиднейн их сургуулийг төгссөн. Төр засгийн бодлогын магистр, инженер, эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй.Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид Эдийн засагч, Соёлын яамны төлөвлөгөө-эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны дарга, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан.

Батлан хамгаалахын сайд Жамъндоржийн БАТХУЯГ
45 настай, ам бүл 3. Азербайжаны Улс ардын аж ахуйн дээд сургууль, Колорадогийн их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгч эдийн засагч мэргэжилтэй. Доктор цолтой. МУИС-д багш, Политехникийн дээд сургуульд багш, Эдийн засгийн коллежид эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх, "Премьер интернэшнл" ХХК-д ахлах зөвлөх, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, 2004 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Цэрэндашийн ЦОЛМОН
54 настай. Эхнэр, охины хамт амьдардаг. Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, Намын дээд сургууль, Москвагийн дипломатын академийг тус тус төгссөн. Улстөрч, дипломатч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор цолтой. МХЗЭ-ийн төв хороонд хэлтсийн эрхлэгч, Засгийн газрын хэрэгэрхлэх газарт тасгийн дарга, Хөдөлмөрийн яамны сайд, Удирдлагын хөгжлийн институтэд ректор, ЮНЕСКО-ийн Үндэсний комисст ерөнхий нарийн бичгийн дарга, Болгар улсад Элчин сайд, ОХУ-д Элчин сайд, "Дельтапи" ХХК-д ерөнхий захирал, 2006 оноос Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Нордовын БОЛОРМАА
45 настай, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Москва хотын Комсомолын дээд сургууль, Монтреаль хотын нийгмийн ухааны сургууль, Москва хотын нийгэм, хүмүүнлэгийн ухааны академийг төгссөн. Түүх, нийгэм судлалын багш, арга зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй. Социологийн ухааны дэд доктор. Монголын хүүхдийн байгууллагын төв зөвлөлийн дарга, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга, Монголын хүүхдийн эрхийн төвийн тэргүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2004 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.