“ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: ШУДАРГА СОНГУУЛЬ” ФОРУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед сонгууль шударга явагдах үндсэн нөхцөл болох ил тод байдлын талаар төр засаг, иргэний нийгэм, улс төрийн намуудын төлөөлөл хамтран хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох нь чухал гэж үзэн Нээлттэй Нийгэм Форумаас “Төрийн ил тод байдал: Шударга сонгууль” үндэсний форумыг 2007 оны 12 дугаар сарын 12-нд зохион байгууллаа. Энэхүү форумд хот, хөдөөгийн 200 гаруй төлөөлөгч оролцож сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн хяналт, сонгуулийн байгууллагын хараат бус байдал сэдвээр тус тус санал бодлоо солилцов. Форумд оролцогчдоос хууль тогтоох болон санаачлах байгууллага, сонгууль эрхэлсэн байгууллага, улс төрийн намуудад хандан сонгуулийн ил тод байдлыг хангахын тулд нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар дараахь санал зөвлөмж гаргалаа.
Нэг. Сонгуулийн явцыг ил тод, хяналттай байлгах:
- Сонгуулийн үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийх хүсэлт гаргасан иргэний нийгмийн байгууллагуудыг олон улсын жишгээр тодорхой журмын дагуу магадлан итгэмжилж, ажиглагчаар оролцох эрхийг нээх, үүний тулд УИХ-ын сонгуулийн /УИХС/ тухай хуулийн 9.2-ын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна гэсэн заалтад нийцүүлэн 46.1 заалтад иргэний нийгмийн байгууллага ажиглагч томилж ажиллуулж болно гэж нэмж оруулах,
- УИХС-ийн тухай хуульд сонгуулийн ажиглагчийн эрхийг санал авах өдрөөр хязгаарласныг өөрчилж санал авч дууссанаас хойшхи үйл явц, тухайлбал маргаан шийдвэрлэхийг ажиглаж хянах боломжтой болгон өргөтгөх.
- Сонгуулийн хуулийн 20.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно гэсэн заалтыг өөрчлөх, сонгуулийн мониторинг хийж буй иргэний нийгмийн байгууллагуудад сонгогчийн нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 1 сараас доошгүй хугацааны өмнө хувилж өгөх, ингэснээр үнэн зөвийг нягтлах, хяналт тавих бололцоог бий болгох,
- УИХС-ийн тухай хуулийн 21.1-д сонгогчийг нэрийн жагсаалтын тухайд зөвхөн сонгогч өөрөө юмуу, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч тухайн хэсгийн хороонд гомдол гарган, өөрчлөлт оруулахаар шаардах эрхтэй байхаар хязгаарласныг ажиглагч хийхээр магадлан итгэмжлэгдсэн болон сонгуулийн мониторинг хийж буй иргэний нийгмийн байгууллага мөн гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй болгон өөрчлөх,
- Хэсгийн хороодоос зохион байгуулдаг сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, нэгтгэх ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөлөл, сонирхогч талуудыг оролцуулах боломжийг СЕХ журмаар бий болгох,
- Цаашид сонгогчдын нэрийн жагсаалтыг эхнээс нь СЕХ-ны вэб хуудсанд байрлуулж, сонгогчид, сонгуулийн ажиглагчид, хяналт тавьж буй иргэний нийгмийн байгууллагууд нэрийн жагсаалтыг хянах, эцэслэн гаргахад оролцох эрх зүйн орчинг бүрдүүлэх, түүнчлэн санал хурааж дууссаны дараа дээрх нэрийн жагсаалтад байгаа сонгогчдын нэрсийг санал өгсөн, өгөөгүйгээр нь ангилж, үнэн зөвийг нягтлах бололцоог иргэдэд олгох,
- Саналын хуудсыг хэвлэх, хүргэх, гарын үсэг зурж тэмдэг дарах, зарцуулах, хадгалах үйл явцыг хянах бололцоог иргэний нийгмийн байгууллага, тэдний томилсон ажиглагчдад олгох асуудлыг журамлах,
- Сонгуулийн дүнг гармагц хэсгийн хорооны протоколыг хэсгийн байранд ил байрлуулж, сонгуулийн ажиглагчдад хуулбарыг олгохоор СЕХ журамдаа тусгах.
Хоёр. Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах:
- Сонгуулийн санхүүжилтыг хянахад ашигладаг бүртгэлийн маягтуудыг ардчилсан сонгуульд баримталдаг олон улсын жишгийн дагуу боловсруулан баталж мөрдүүлэх,
- УИХС-ийн хуульд зааснаар сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор СЕХ-нд ирүүлэхээр заасан нь зөрчил гаргасан этгээдэд УИХ-н гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө хариуцлага тооцох боломжийг үгүйсгэж байгаа тул сонгуулийн кампанит ажлын явцад тодорхой хуваарь гарган уг дансанд хяналт тавих, итгэмжлэгдсэн аудиторчдоор шалгуулах, илэрсэн зөрчил болон тэдгээрийн дагуу авсан арга хэмжээг нам, эвсэл, нэр дэвшигч бүрээр гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай мэдээлж байхаар хуульчлах,
- “Сонгогчийн санал худалдан авах” тухай ойлголтыг хуулинд тодорхойлж, ийм үйлдэлд тооцох хариуцлагыг хуульчлах,
- Сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, зардлын тайлан гаргахтай холбоотой хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд нам, эвсэл, нэр дэвшигчдийн хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх,
- СЕХ сонгуулийн зардлын тайланг хянан үзэж санал хурааж дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг зөвхөн өдөр тутмын сонинуудад нийтэлдэг байх биш, хөндлөнгийн хяналтыг үр дүнтэй, олон нийтэд ил тод болгох үүднээс зардлын тайланг сонирхсон этгээд хэдийд ч хуулан авч нийтийн хүртээл болгох, СЕХ өөрөө интернетэд тухай бүр нь албан ёсоор байрлуулдаг байхыг хуульчлах.
Гурав. Сонгуулийн байгууллагын хараат бус, нээлттэй байдлыг хангах:
- Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т заасан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх гэсэн шалгуурыг өөрчилж, төрийн жинхэнэ алба бүрэн утгаараа төлөвшөөгүй өнөөгийн нөхцөлд Сонгуулийн төв байгууллагыг аливаа намын нөлөөллөөс хараат бус байлгахын тулд улс төрийн намуудын төлөөллийг тэнцвэртэй оруулах,
- Цаашид сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг жинхэнэ утгаараа бие даасан хараат бус байх шаардлагад нийцүүлэн олон нийтийн оролцоотой хэлэлцэн шинэчлэх,
- Сонгуулийн бүх шатны хороодыг байгуулах, бүрэлдэхүүнийг томилох үйл явцыг ил тод, нээлттэй байлгах, уг асуудлыг шийдвэрлэх хурлын товыг олон нийтэд ил тод зарлаж, хөндлөнгөөс ажиглах боломж олгох, хурлын протокол, шийдвэр, томилогдсон хэсгийн хороодын бүрэлдэхүүн, намын харъяалал зэргийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах,
- Сонгуулийн бүх шатны хороодын шийдвэр гаргах үйл явцын нээлттэй байдлыг хангахын тулд хурлын тов, хэлэлцэх асуудал зэргийг хуралдаан болохоос 5, яаралтай үед 2-с доошгүй хоногийн өмнө нийтэд урьдчилан мэдээлэх, иргэд оролцох нөхцлийг бүрдүүлэх, энэ талаар холбогдох сонгуулийн байгууллага нь дэгэндээ тодорхой тусгах,
- Сонгуулийн бүх шатны байгууллагын аливаа шийдвэр, протокол, бичиг баримтыг ажлын 3-5 хоногт багтаж олон нийтэд ил тод болгох, нэгтгэж хэвлэх, вэб сайтад байрлуулах. Үүнд сонгуулийн явцад тэмдэглэгдсэн зөрчлийн жагсаалт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн санал хураалт, гишүүдийн санал, байр суурь, асуудлыг шийдвэрлэсэн дүн, дэлгэрэнгүй протоколыг нээлттэй байлгах.
Түүнчлэн Форумд оролцогчид ардчилсан нийгэмд сонгуулийн хууль нь иргэдийн улс төрийн үндсэн эрхийг хангахад Үндсэн Хуулийн дараа орох ач холбогдол бүхий хууль болохын хувьд сонгуулийн хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ дор дурдсан тодорхой асуудалд төрийнхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Улсын Их хуралд өргөн баригдаад буй сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбоотой санал Үндсэн хуульд хэрхэн нийцэж буйг ул суурьтай авч үзэх, УИХ-аар хэлэлцэх тохиолдолд иргэдийн өргөн оролцоотой хэлэлцүүлэг явуулах шаардлагатайг онцлов. Тэрчлэн сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өргөтгөх, энэ чиглэлээр СЕХ-д олгож буй төсвийг нэмэгдүүлэх, цаашид холбогдох сонгуулийн хуулиудыг нэг мөр цэгцлэх, ингэхдээ УИХ-ын, Орон нутгийн Хурлын, Ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хуулиудаас гадна бүх сонгуульд баримтлах нэгдсэн зарчмуудыг тусгасан сонгуулийн ерөнхий хуультай болох зэрэг асуудлыг дэвшүүллээ.
ФОРУМД ОРОЛЦОГЧИД