Монгол Улсын 2007 оны нийгэм, эдийн засгийн байдал (2007-01-15)
Үндэсний статистикийн газар Монгол Улсын 2007 оны нийгэм, эдийн засгийн байдалд хийсэн дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа.
Уг мэдээллээс үзвэл 2007 онд уурхай, ашигт малтмал, аж үйлдвэрийн салбараас олж буй орлого эрчимтэй өсч, элсын төсөвт нэг триллион 851.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2007 онд зарлага хийгээд эргэж төлөгдөх зээлд нэг тэрбум 749.2 тэрбум төгрөг зарцуулж, нийт тэнцлээр 102 тэрбум төгрөгийн ашиг олж, улсын төсөв анх удаагаа ашигтай гарсан байна. Эдийн засагчдын тайлбарласнаар төсөв ашигтай гарахад татварын шинэчилсэн хууль томоохон үүрэг гүйцэтгэсэн аж. Тухайлбал, татварын нийт орлого 2006 оныхоос 372.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс гадаад худалдааны татварын орлого 30.4 тэрбум, онцгой албан татвар 33.6 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 21.9 тэрбумаар тус бүр өсчээ.
Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр хоёр триллион 401.1 тэрбум төгрөгт хүрсэн нь 2006 оны мөн үетэй харьцуулахад 56.3 хувь буюу 864.6 тэрбум төгрөгөөр өссөн аж. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө ч өмнөх оныхоос 119.0 тэрбум төгрөгөөр өссөн юм байна. Түүнчлэн иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж 421.2 тэрбумаар нэмэгджээ. Гадаад валютын хадгаламж 376.0 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73.1 тэрбум төгрөгөөр өссөн юм байна.
Харамсалтай нь төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 2007 оны арванхоёрдугаар сарын эцэст 1169.97 төгрөг байгаа нь өмнөх жилийнхээс 0.4 хувиар суларсан аж. Төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1717.16 төгрөг болсон нь 2006 оныхоос 7.4 хувиар буурчээ. Тэгвэл юаньтай харьцах нэрлэсэн ханш 160.18 төгрөгтэй тэнцэж буй нь өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар буурсан байна.
Монгол Улс 2007 онд гадаад худалдаанаас алдагдал хүлээжээ. Уг нь гадаад худалдааны нийт бараа эргэлт дөрвөн тэрбум ам.долларын босгыг анх удаа давсан. Үүнээс экспорт 1889.0 сая, импорт 2117.3 сая ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 228.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Алдагдал хүлээхэд манай орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох хагас боловсруулсан алтны экспортын хэмжээ буурсантай холбоотой аж. Мөн эрдэс бүтээгдэхүүн машин, тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги, тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний импорт 32-54.8 хувиар өссөн нь ч нөлөөлжээ. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ДНБ-д экспортын эзлэх хувь 60.0, гадаад худалдааны алдагдлын эзлэх хувийг -0.1 байлгах зорилт тавьсан юм байна. Гэвч урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-д экспорт 48.5 хувийг гадаад худалдааны алдагдал -5.8 хувийг тус бүр эзэлжээ.
Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф 2006 оныхоос 15.1 хувь, 2005 оныхоос 22 хувиар тус бүр өсчээ. Түүнчлэн 2007 оны инфляцийн жилийн дундаж төвшин есөн хувь байгаа нь өмнөх оны дундаж төвшнөөс 3.9 пунктээр өндөр болжээ. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнэ 24.6, орон сууц цахилгаан, түлшний үнэ 11.3 хувиар өссөн байна. Мөн тээврийн үнэ 10.6, боловсролын үйлчилгээний үнэ 20.2 хувиар тус бүр өсчээ. Хэрэглээний үнийн индекс өсөхөд гадаад зах зээлээс хамаарсан зүйл нэлээд байгаа аж. Түүнчлэн дотоодоос хамаарах бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь ч нөлөөлсөн гэнэ. Тухайлбал, энэ онд мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ихэсгэхгүй бол өнгөрсөн жилийн дээрх давтамж энэ онд ч мөн давтагдаж мэднэ. Тиймээс өдөр тутмын хэрэглээ болсон дээрх нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг "савлуулахгүйн" тулд төрөөс зөв бодлого барих ёстой гэж Үндэсний статистикийн газар мэдэгджээ.