Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гуравдугаар сарын 15 гэхэд гаргана (2008-01-16)

A- A A+
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гуравдугаар сарын 15 гэхэд гаргана (2008-01-16)

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гуравдугаар сарын 15 гэхэд гаргана (2008-01-16)

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн тогтоож буй бөгөөд  энэ ажлыг Хууль зүй, дотоод хэргийн  яам, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн газар, аймаг, нийслэл орон нутгийн удирдлагатай хамтран хийж байна. Ажлын  хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Ш.Сүхбаатар ахалж байгаа аж.

Ш.Сүхбаатарын “Өдрийн сонин”-д ярьснаас үзвэл 2007 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв  тус яамтай хамтран улсын хэмжээнд иргэний бичиг баримтын үзлэг явуулахад  нэлээд олон зөрчил илэрсэн аж. Тухайлбал,  нас барчихсан 29 мянган хүн Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдалгүйгээр сонгуульд “санал” өгчээ.

Сонгуулийн насны иргэдийн нэрсийн жагсаалтыг гуравдугаар сарын 15 гэхэд бодитойгоор гаргаж дуусгана хэмээн тэрбээр мэдэгджээ.  Улаанбаатарт задгайгаар байрласан иргэдийг хэрхэн бүртгэх асуудал нэлээд маргаантай байна гэж Ш.Сүхбаатар хэлжээ. Одоогийн байдлаар Улаанбаатарт 8244 айл, хөдөө орон нутгийн 13 аймагт 3797 өрхийн 19991 иргэн задгайгаар бүртгэгдсэн байгаа аж.  Түүнчлэн  нэг дүүргээс нөгөө дүүрэгт, нэг хорооноос нөгөө хороо руу шилжээд амьдардаг, айлын халаасны өрөө түрээслээд явдаг, Улаанбаатарт хөдөө орон нутгаас нүүж ирчихээд бүртгүүлдэггүй, тэндээ ч хасалтаа хийлгэдэггүй иргэд их байдаг аж. Гадаад руу ажил, сургуульд явчихсан хүмүүс олон. Мөн өмнөх сонгуулийн үеэр гарч байсан зөрчлөөс үзэхэд хотод шилжүүлэггүй ирж суурьшчихаад тэндээ түр үнэмлэх авч сонгуульд санал өгсөн атал тухайн хүний үндсэн орон нутаг нь нэгэнт албан ёсоор шилжээгүйгээс бас сонгогчийн үнэмлэх бичиж нэг хүн хоёр газар санал өгсөн тохиолдол ч гарчээ.

Хүн амын бүртгэлийг сайжруулах ажлын хамгийн хүнд нь аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороон дээр тохогдож байгаа аж. Богино хугацаанд шат шатандаа ажлаа зөв зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа ажээ. Энэ жилийн хувьд хөдөө орон нутагт цаг улирлын байдлаас шалтгаалаад малчид отор нүүдэл их хийж байгаа гэнэ. Энэ мэт олон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхийг манай ажлын хэсгээс нэгдсэн хариулт өгнө гэж ноён Сүхбаатар ярьсан байна.

Гуравдугаар сарын 15 гэхэд бүртгэл дуусах уу гэсэн асуултад тэрбээр хариулахдаа, сонгуулиас гурван сарын өмнө санал өгөх иргэдийн нэрийн жагсаалтыг үнэн бодитой гаргах үүргийг Засгийн газрын тогтоолоор өгсөн. Үүнийг биелүүлнэ гэжээ.  Сонгогчийн нэрсийн жагсаалтыг вэб сайтад байрлуулах бөгөөд иргэн хүн өөрийнхөө нэрийг үнэн зөв орсон эсэх, улстөрийн намууд тухайн орон нутгийн иргэдийн нэр сонгуулийн хуудсандаа зөв байрласан эсэхийг үзэж хянах боломжтой болох аж.