Монголын улстөр хөгжил дэвшилд саад тотгор болж байна хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв (2008-01-30)
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй техникийн уулзалтад Ерөнхий сайд С.Баяр оролцон үг хэлжээ. Тэрбээр "Төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар зарим талаар хувийн хэвшлийнхнээс хоцрох хандлагатай байгаа талаар уулзалтад оролцсон зарим бизнес эрхлэгч хэлж байгаатай бид санал нэг байна" гээд нэгэн тоон мэдээлэл хэллээ. НҮБ болон түүний харъяа Худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар манай улс эмзэг байдлын нийлмэл үзүүлэлтээр хөгжиж буй 110 гаруй орны хорьдугаарт оржээ. Үүнийг Ерөнхий сайд "Тун тааруухан хэрэг" хэмээн дүгнэжээ.
Ерөнхий сайд С.Баяр гурван зүйлийг хэлсний дотор "Ерээд онд Монголын улстөр улс орноо хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулдаг байсан бол XX зуунд саад тотгор болдог болов" гэж онцоллоо. Эдийн засаг өсч буйтай зэрэгцэн инфляцийн хувь хэмжээ нэмэгдэж буй. Хөгжилд чөдөр тушаа болсон элдэв бэрхшээлүүдийг арилгахад туслалцаа үзүүлэхийг Засгийн газрын тэргүүн гадаадын хөрөнгө оруулагчдаас хүсэв.
Ноён Дэвид Долларын хувьд монголчуудад "Хүн ам цөөтэй, дотоодын зах зээл хязгаарлагдмал Монгол Улс нь үндэсний хөгжлийн стратегид дэвшүүлсэн зорилгодоо хүрэх, үлэмж их байгалийн нөөц баялаг, эдийн засгийн хувьд чухал байршил зэрэг асар их нөөцөө бүрэн ашиглахын тулд гадагшаа чиглэсэн хөгжлийн замыг сонгох зайлшгүй шаардлагатай" хэмээн зөвлөжээ. Арга хэмжээ дууссаны дараа Сангийн сайд Ч.Улаан, Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар нар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Техникийн уулзалтын үеэр Засгийн газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагынхны оролцоотойгоор стратегийн баримт бичиг боловсруулахыг дэмжжээ. Мөн Засгийн газар, хувийн хэвшлийнхний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулсныг Ерөнхий сайд С.Баяр ахлах юм байна.
Дөрөв дэх удаагийн Техникийн уулзалт эхэллээ (2008-01-29)
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулдаг техникийн уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэлжээ. Дөрөв дэх удаагаа болж буй энэ уулзалтаар Засгийн газраас боловсруулсан “Хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Өмнөх уулзалтуудаар зөвхөн гадаад түншүүд болон Монголын төр, засгийн төвшинд асуудлыг ярьдаг байсан бол өдгөө хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож буйгаараа ач холбогдолтой болж байна хэмээн “Өнөөдөр” сонин уг уулзалтыг дүгнэжээ.
Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Давид Доллар Монголын ирээдүйн хөгжлийн талаар дүгнэхдээ "Хүн ам цөөтэй, дотоодын зах зээл хязгаарлагдмал Монгол Улс нь үндэсний хөгжлийн стратегид дэвшүүлсэн зорилгодоо хүрэх, үлэмж их байгалийн нөөц баялаг, эдийн засгийн хувьд чухал байршил зэрэг асар их нөөцөө бүрэн ашиглахын тулд гадагшаа чиглэсэн хөгжлийн замыг сонгох зайлшгүй шаардлагатай" хэмээн тэмдэглэн хэлжээ. Түүний хэлснээс үзвэл /”Өнөөдөр” сонин, ¹023/ “Олон улсын хөрөнгийн биржүүдийн хямрал дэлхийн эдийн засагт нөлөөлж, зэсийн үнэ бага багаар унаж байна. Энэ явдал хэр удаан үргэлжилж, хэдий хэмжээний хохирол хүлээхийг хэн ч хэлж мэдэхгүй. Харин энэ оны эдийн засгийн төлөв өнгөрсөн оныхоос сул байх нь л тодорхой. Монголын хувьд олон улсын зах зээлд нэвтрэх боломж улам хүндрэлтэй болсон” аж. Монголын Засгийн газар дэлхийн санхүүгийн байдлыг анхааралтай ажиглаж, эрсдэлийг зөв тодорхойлон төсвийн тодотголоор зарим зүйлийг хэлэлцэх ёстой” хэмээн тэрбээр зөвлөжээ.
Засгийн газрын боловсруулсан хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийн төсөл нь тэргүүлэх таван зорилтоос бүрдэж буй ажээ. Тухайлбал, Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хувийн хэвшлийн хөгжилд бүтцийн өөрчлөлт хийж эрчимтэй өсөлтийг бий болгох; хувийн хэвшлийн үйлдвэрлэл үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ур чадвартай ажиллах хүчээр хангах; уг салбарт таатай орчныг бүрдүүлж, эрсдэлийг бууруулах, хөдөө, орон нутагт хувийн хэвшлийг эрчимтэй хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Гадаад түншүүд Монголын төрд байнга шахам өөрчлөлт гардаг гэсэн сэтгэлгээ давамгайлах болсныг онцолжээ. Тэд Засгийн газар энэхүү төслөө улам боловсронгуй болгож, хэн, хэзээ, хэнтэй хамтарч хэрэгжүүлэх талаар нарийн зааглаж тусгахыг анхааруулсан байна.
Хувийн хэвшлийн салбар 10-аад жилийн өмнө ДНБ-ий 3,3 хувийг үйлдвэрлэж байсан бол энэ тоо өдгөө 77,8 хувьд хүрчээ. Нийт аж ахуйн нэгжүүдийн 76 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг байна. Улсын төсвийн ачааллын дийлэнхийг нуруун дээрээ үүрдэг энэ салбарын үйл ажиллагаа цаашид улам өргөжин тэлэхэд хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийн баримт бичиг чухал үүрэг гүйцэтгэх юм. Хэрвээ дутуу дулимаг, амьдралд нийцэхгүй цаас үйлдвэрлэвэл тэднийг төрөөс хянах дарамт ихэснэ гэсэн үг. Тиймээс энэ стратегийн төлөвлөгөө нь төрийн оролцоо хувийн хэвшлийн хаана нь байх, хэрхэн зохицуулахыг баталгаажуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх бичиг баримт байх ёстой хэмээн техникийн уулзалтад оролцсон бизнесийн төлөөллүүд үзэж байна.
Засгийн газар энэхүү төслийг гадаад, дотоодын түншүүдтэй харилцан ярилцсаны үндсэн дээр санал бодлыг нь тусган дахин боловсруулж, ирэх сард стратегийн төлөвлөгөөг бэлэн болгоно хэмээн Сангийн сайд Ч.Улаан мэдэгджээ.
Техникийн дөрөв дэх уулзалтад гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн салбарын талаар ярилцах юм байна. Энэ өдөр уулзалтад Ерөнхий сайд С.Баяр оролцох ажээ.