Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов (2008-02-01)
Сонгуулийн ерөнхий хороо лхагва гаригт хуралдаж УИХ-ын нэг тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. 2005 оны сүүлчээр УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн байршил, хүн амын тоо, суурьшлын нягтрал зэргийг харгалзан тогтоож байхыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон юм.
Сонгуулийн зардал гэдэгт сурталчилгаа, сонгогчидтой хийх уулзалт, шуудан холбоо, бичиг хэрэг, томилолт, шатахуун, цалин хөлс, урамшуулал багтаж буй. Хэдийгээр Сонгуулийн ерөнхий хороо санхүүгийн байгууллага биш боловч сонгуулийн зардлыг тооцохдоо инфляцыг харгалзсан аж. Хуульд зааснаар бол нэр дэвшүүлсэн нам, эвсэл нэр дэвшигч тус бүрт, бие даагч өөрийн сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардал банкны дансаар дамжиж, түүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо хянаж байх учиртай.
УИХ-ын сонгуулийн нэг тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг нам, эвсэл, нэр дэвшигчид ялгавартай тогтоосон байна. Дундговь аймагт нэр дэвшсэн хүн тойрогтоо 130 сая хүртэлх төгрөг зарцуулах эрхтэй байгаа нь зардлын хамгийн доод хэмжээ юм. Тус аймаг хоёр мандаттай. Харин дөрвөн мандаттай Баянзүрх, Налайх дүүрэгт хамгийн өндөр зардалтай сонгууль болох нь тодорхой байна. Нийслэлийн дээрх хоёр дүүрэгт нэрээ дэвшүүлсэн эрхмүүдэд 499 сая хүртэлх төгрөгийн зардал гаргах эрхийг Сонгуулийн ерөнхий хороо олголоо. Сонгуулийн нэг тойрог буюу нийслэлийн хоёр дүүрэгт бараг 500 сая төгрөг зарцуулах эрх олгосон атлаа Улаанбаатараас хамгийн ихээр алслагдсан Баян-Өлгий аймагт нэр дэвшсэн хүнд ердөө л 177 сая хүртэлх төгрөгийн зардал гаргах хязгаар тогтоожээ.
Улс төрийн нам, эвслийн нэг тойрогт зарцуулах мөнгөний дээд хязгаар нэр дэвшигчдийнхээс мэдээж өндөр. Дөрвөн мандаттай Баянзүрх, Налайх дүүрэгт намууд дээд тал нь тэрбум 998 саяыг хаях эрхтэй. Дундговь аймагт хамгийн бага зардал гарна гэж тооцжээ. Нам, эвслүүд 261 сая төгрөг Дундговьд зарцуулах юм.
УИХ-ын тухай хуулийн 37.4-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас (нэг хэвлэлийн хуудас дөрвөн бичгийн цаас болдог) бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтааана” гэж заажээ. Сонирхолтой нь хуульд ийм нарийн заалт оруулсан хэрнээ нэг тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг зөрчсөн, дагаж биелүүлээгүй нэр дэвшигч, нам, эвсэлд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм.