Хятадууд Оюу Толгой төслийн 40 хувийг эзэмших үү?

A- A A+
Хятадууд  Оюу Толгой төслийн  40 хувийг эзэмших үү?

Хятадууд  Оюу Толгой төслийн  40 хувийг эзэмших үү?

Р.Баяр

Эрдэс баялгийн төлөөх ил,далд ширүүн тэмцэлдээн шинэ шатанд гарч буйг гэрчилсэн нэгэн цочир мэдээ өчигдөр дэлхий даяар тархав. “Рио Тинто” группын хувьцааг өрсөлдөн худалдаж авах зорилгоор Хятадын Засгийн Газар төрийн мэдлийн Хөнгөн цагааны „Chinalco” концерндоо 120 тэрбум ам.доллар олгох болсныг ”Сандэй таймс” сонин эх сурвалжийг дурдалгүйгээр мэдээлжээ. Энэ их мөнгийг  “Хятадын Хөрөнгө Оруулалтын Корпораци” хэмээх төрийн сангаас гаргах аж.

“Рио Тинто”-г “залгихаар” Австралийн “BHP Billiton” компани 2007 оны 11дүгээр сарын эхээр 140 орчим тэрбум ам.долларыг санал болгосон билээ. Худалдан авах албан ёсны саналаа маргааш буюу 6-ны дотор тавих хуулийн зохицуулалттай. Яг ийм  эгзэгтэй цаг мөчид Хятадын тал санаачлагыг гартаа авахыг оролдож буй нь тохиолдлын хэрэг биш хэмээн шинжээчид үзэж байна. Хятадын төмөрлөгийн том компани “Baosteel” 200 тэрбум ам.доллараар “Рио Тинто”-г авахаар зэхэж байна гэсэн худал,үнэн нь сайн мэдэгдэхгүй сураг  өмнө нь гарч байсан нь огт оргүй зүйл биш байжээ.

Хятадууд одоо “Рио Тинто”—г бүхэлд нь худалдаж авах сонирхолгүй, зөвхөн „BHP Billiton” компанийн ноёрхох  санаархлыг таслан зогсоох зорилготой гэж байгаа ч үнэндээ 120 тэрбум доллараар “Рио Тинто” компанийн дийлэнх хувьцааг өндөр үнэ хүргэн авч  хяналтаа тогтоох боломжтойг үгүйсгэх аргагүй юм. Ердөө 4 хоногийн өмнө дээр дурдсан “Chinalco”  концерн АНУ-ын “Alcoa” компанитай хамтран “Рио Тинто”-гийн хувьцааны 12 хувийг 14,1 тэрбум ам.доллараар худалдаж авснаа гэнэт зарлаж бизнес ба улс төрийн хүрэнийхнийг сэрдхийлгэсэн. Гэтэл энэ цочроо арилаагүй байхад “Рио Тинто”-гийн хувьцааны ихэнх хэсгийг өндөр үнээр “зодож” авах бэлтгэл хангагдсаныг ийнхүү битүүхэн ойлгуулж  буй бололтой.

Үйл явдал цаашид дээрх голдрилоор өрнөж “Рио Тинто”  эцсийн дүнд Хятадын хяналтад орвол Оюу Толгой төслийн 40 хүртэл хувь мөн тэдний мэдэлд автоматаар шилжихэд хүрнэ. Учир нь гэвэл “Рио Тинто” компани Оюу Толгой төслийн хувьцааны 40 хүртэл хувийг эзэмшихээр “Айвенхоу Майнз”-тай тохиролцоод хөрөнгө оруулж буй. Өмчийн эздээс огт хамааралгүйгээр ийм хүсүүшгүй байдал үүсч мэдэхээр болчихлоо.   Оюу Толгойн ордын ашиглалтын лицензийг гаднынханд “бэлэглэж” тэдний хүссэн хувилбараар асуудлыг шийдэхээр улайран зүтгэсээр яваа эрх мэдэл бүхий ноёд үүнийг мэдэж байдаг болов уу.