Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийн хэвлэлийн бага хуралд зориулсан мэдээлэл

A- A A+
Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийн хэвлэлийн бага хуралд зориулсан мэдээлэл

Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийн хэвлэлийн бага хуралд зориулсан мэдээлэл

2008 оны 3-р сарын 11

ОУВС-гийн Дүрмийн 4-р заалтын дагуу Монгол улсын Засгийн газартай 2008 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийг хийх зорилгоор ноён Рожэр Кронэнбергээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотноо ажиллалаа. Гишүүн орнуудын эдийн засагт гарсан сүүлийн үеийн өөрчлөлт хөгжил, эдийн засгийн цаашдын төлөв байдал, Төрөөс дунд хугацаанд баримталж байгаа зорилтын хүрээнд эдийн засаг болон санхүүгийн бодлогод үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг ОУВС-гийн зүгээс тогтмол явуулдаг билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын зарим сайд, холбогдох албан тушаалтнууд, Монголбанкны Ерөнхийлөгч болон ажилтнууд, УИХ-ын зарим гишүүд, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Ажлын хэсгийнхэн буцаж очсон даруйдаа тайлан бэлтгэж ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр 5-р сард хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирч ирлээ. Алт, зэсийн үнийн өндөр өсөлт, уул уурхай, барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэний дүнд эдийн засгийн бодит өсөлт 2007 онд 10 хувьд хүрлээ. Улсын төсөв 2007 онд гурван жил дараалан ашигтай гарч улсын өр огцом буурч Монголбанкны гадаад албан нөөц өмнө байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Нэг хүнд ногдох үндэсний орлого 2004 оноос хойш хоёр дахин гаруй нэмэгдэв. Ашигт малтмалын арвин их нөөцтэй, мөн эдийн засаг нь асар хурдацтай өсөж байгаа хоёр томоохон гүрний дунд оршиж байгаа нь Монгол улсын эдийн засгийн төлөв байдлыг дунд хугацаанд таатай байхад нааштайгаар нөлөөлж байна. 

Гэвч эдийн засгийн асар эрчтэй өсөлт нь шинэ эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, инфляци нэмэгдэж байгаагаас макро эдийн засгийн тогтвортой байдалд хүндрэл учруулж байна. 2006 оны эцэст 6 хувьтай байсан инфляци 2008 оны 1-р сарын байдлаар 17.5 хувь болж нэмэгдлээ. Эрэлтийн тал дээр төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээл  тус тус өссөн нь үндсэндээ зарлагыг огцом өсөхөд хүргэлээ. Нийлүүлэлтийн тал дээр, импортын барааны, нэн ялангуяа хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт болон хилийн боомт дээрхи ачаа тээвэрлэлтийн дамжуулалтад үүссэн хүндрэл нь   үнийн өсөлтөнд нэмэлт дарамт авчирлаа. 

Инфляци нь хөрөнгө оруулалтын шийдвэрийг гажуудуулж хувь хүмүүст, ялангуяа ядуу өрхүүдэд хүндээр тусдаг. Иймд нэн тэргүүнд шийдвэрлэх хамгийн гол бодлогын чиглэл бол инфляцийг бууруулах явдал юм. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой өндөр байлгахын тулд Монгол улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын өрийн дарамтыг багасгах чиглэлээр сүүлийн жилүүдэд гарсан нааштай үр дүнг хадгалж тогтвортой хэмжээнд байлгах нь чухал болоод байна. Түүнчлэн, уул уурхайн бизнесийн орчинг ил тод, тогтвортой, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц болгож хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Төсвийн бодлогын тухайд, 2008 оны төсвийн зарлагыг төлөвлөсөн хэмжээнд зарцуулах шаардлагагүй бөгөөд инфляцийн хөөрөгдлийг даамжруулах эрсдэлтэй гэж ажлын хэсэг үзэж байна. Инфляцийн өндөр хүлээлтийг бий болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газар төрийн албаны орон тоо, цалин хөлсийг дахин  нэмэгдүүлэхээс зайлсхийх, нийгмийн халамжийн хөтөлбөрийн давхардлыг багасгаж,  халамжийг хүн амын хэрэгцээтэй бүлэгт түлхүү чиглүүлэх, ач холбогдол багатай хөрөнгө оруулалтыг багасгах замаар 2008 оны төсвийн тэнцлийг бага хэмжээний ашигтай байлгах бодлого баримтлахыг зөвлөмж болгож байна. Түүнчлэн, зарлагын тал дээр аливаа шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх нь зүйтэй.

Улсын өрийн дарамтыг бууруулах чиглэлээр сүүлийн цөөн хэдэн жилд олж авсан амжилтыг хадгалж үлдэхийн тулд хөнгөлөлттэй бус нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлэхдээ аажмаар, тодорхой дэс дараатай, няхуур хандахыг Засгийн газарт ажлын хэсгээс зөвлөмж болгож байна. Гадаад зээлийн стратеги нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх ёстой бөгөөд хөнгөлөлттэй бус зээлийг зөвхөн хөнгөлөлттэй нөхцөлтэй эх үүсвэрийг ашиглах боломжгүй, өндөр үр өгөөжтэй төслүүдэд авч ашиглах нь зүйтэй.

Мөнгөний бодлогын тухайд, инфляцийг богино хугацаанд багасгахын тулд инфляцийн дарамт нь нийлүүлэлтийн талын хүчин зүйлүүдэд тусгал болж байдгийг харгалзаж мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлтийг сааруулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ажлын хэсэг өгч байна. Инфляцийг бууруулахад нөлөөлөх, гадаад орчны цочролд дасан өөрчлөгдөх чадварыг сайжруулах, гадаад тогтвортой байдлыг хангахын тулд валютын ханшийн уян хатан байдлыг дахин бий болгох арга хэмжээг мөнгөний бодлоготой зэрэгцүүлэн хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ажлын хэсгээс онцоллоо. Валютын ханшны уян хатан тогтолцоог дэмжих зорилгоор гадаад валютын зах зээлийн үйл ажиллагааг зохистой түвшинд хүргэж бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг ажлын хэсгээс зөвлөмж болголоо.

Монгол улсын санхүүгийн систем нь ерөнхийдөө эрүүл байгаа хэдий ч тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалахын тулд зарим нэгэн эрсдэлийг зөв зохистой удирдах шаардлагатай байна. Тухайлбал, банкны зээлийн өнөөгийн хурдацтай өсөлт нь  зээлийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Ийм эрсдэл байгааг Монголбанк олж харсны зэрэгцээ түүнд нарийн хяналт тавьж ажиллаж байна. Ерөнхийдөө, санхүүгийн системийн өнөөгийн тогтвортой байдлыг цаашид хадгалах үүднээс Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс санхүүгийн байгууллагуудад тавих хяналт шалгалтыг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд бидэнтэй нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад ч хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулж хамтран ажилласанд талархалаа илэрхийлж байна.