1.552.539 сонгогчийн нэрсийн жагсаалтыг вэб сайтад байршуулжээ (2008-04-22)
УИХ-ын ээлжит сонгууль хоёрхон сарын дараа болно. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс СЕХ-нд саяхан ирүүлсэн Монгол Улсын нийт сонгогчдын нэрсийн жагсаалтыг www.gec.gov.mn вэб сайтад байрлуулсанаа тус хорооны дарга Б.Баттулга өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ. Ингэснээр намууд, сонгогчид нэрсийн жагсаалтыг хянаж, танилцах боломжтой болж байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын харъяат иргэн та дээрх хаягаар орж өөрийнхөө регистерийн дугаар, овог, нэрээ оруулж, зөв бүртгэгдсэн эсэхийг хянах нь. Харин улс төрийн намууд нь СЕХ-оос тус бүрт нь өгсөн түлхүүр хаягаар орж, тойргуудтай танилцах юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийт хэчнээн сонгогчийн нэрс энэ сайтад тавигдав?
-Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс 1.552.539 сонгогчийн нэрсийн жагсаалт ирсэнийг байрлууллаа.
-Энэ эцсийн байдлаар гарсан тоо юу. Эсвэл...?
-Эцсийнх биш. Сонгогчдын жагсаалтыг вэб сайтад байрлуулснаар нам, иргэд хяналт тавих юм. Ингэснээр олон зөрчил илэрч, ИБМУТ тэр зөрчлийг засч залруулах боломжтой болно. Тухайлбал, нэг хүн хэд хэдэн хаягтай байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хасагдаж, нэмэгдсээр бодит тоо гарах тэр үед нь албан ёсоор зарлана.
-Статистикийн газраас гаргасан сонгогчдийн тоо ИБМУТ-өөс гаргасан тооноос 120 мянгаар илүү байсан гээд байгаа. Яагаад ийм их зөрөөтэй гарч байна вэ?
-Статистикийн хороо тооцооны тусгай аргачлалтай. Яаж гаргасныг мэдэхгүй. Тэгэхдээ би энэ зөрүүг арилгахын төлөө ажиллаж байна.
-Монгол Улсын иргэний регистерийн дугаартай үнэмлэхийг хятад хүн авсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ зөрчлийг СЕХ-оо шалгаж үзсэн үү. Ер нь иймэрхүү хэчнээн зөрчил гарсан бэ?
-Энэ СЕХ-ны ажил биш. Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан байгууллагын ажил учраас тэд зохицуулиа.
-Нэг хүн хоёроос дээш хаягтай, эсвэл овог нэрээ солиод дахин иргэний үнэмлэх авсан 3500-аад хүн байна гэсэн мэдээлэл хэр бодитой вэ?
-Нэгээс дээш хаягтай 16.500 хүн байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс гадна иргэний бичиг баримтын зөрчилтэй олон хүн байгаа. Тэдний асуудлыг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв хариуцаж, засаж залруулах үүрэгтэй.
-Хаягийн бүртгэлгүй, бичиг баримтгүй иргэн олон байгаа байх. Сонгуулиас өмнө тэднийг хаягжуулж, бичиг баримтынх нь асуудлыг шийдэх үү?
-Төр үүрэгтэй байхаас гадна Монгол Улсын иргэн үүрэгтэй байдаг. Иргэн хүн үүргээ ухамсарлан харьяалагдах баг, хороондоо бүртгүүлэх ёстой. Тэгэхгүй мал шиг дансгүй яваа хүн олон байна.
-Хотын захын хорооллуудад "задгай"-ийн гэх тодорхой хаяггүй айлууд олон байгаа. Тэднийг албан ёсоор хаягжуулж, дээрх бүртгэлд хамруулсан уу?
-"Задгай"-гийн гэх хаягтай хүмүүсийг бүртгэх ажлыг тухайн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн. Тэд хаяггүй айлуудыг хаягжуулсан гэдэг хариуг өгсөн болохоор энэ асуудал цэгцлэгдсэн байх.