Улаанбаатар хот дахь сонгуулийн өмнөх тандалт (2008-04-24)
“UB PR” судалгааны төвөөс УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын иргэд хэрхэн саналаа өгөх талаар тандалт судалгааг хийсэн байна. Анкет, ярилцлагын аргыг хослуулан хийсэн уг судалгаанд Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргийн 12555 иргэдийг хамруулжээ. Судалгаа нь цаг хугацааны хувьд улстөрийн ихэнх намууд нийслэлд нэр дэвшигчдээ тодруулсан буюу 2008 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хамарч байгаа аж. “Монголын мэдээ” сонинд мэдээлснээр энэхүү судалгааг "Ардчилал, хүний эрх" сангаас санхүүжүүлжээ. Тус судалгааны төв нь АНУ- ын "Ардчилал, хүний эрх " сантай хамтран 2004 оны УИХ-ын сонгууль, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдийн дунд судалгаа хийхэд үр дүн сонгуулийн бодит дүнтэй маш ойрхон гарч байсан аж.
Судалгааны дүнгээр сонгогчид энэ жилийн сонгуульд намыг бус хүнийг нь харж сонголт хийх магадлал өндөр гарчээ. "УИХ-ын 2008 оны сонгуульд ямар улстөрийн хүчнийг сонгох вэ?" гэсэн асуултад 16,80 хувь нь шинэ нам, иргэний хөдөлгөөнүүдийг сонгоно, 10,90 хувь нь МАХН, АН-д саналаа өгнө, 41,96 хувь нь намыг нь бус хүнийг нь харж өгнө, үлдсэн хувь нь аль аль намаас нь сонгоно, мөрийн хөтөлбөрийг нь харж сонгоно, аль нь ч яахав гэсэн хариултуудыг өгсөн байна. Мөн судалгаанд оролцогчдын 46,80 хувь МАХН, АН хоёрыг ямар ч ялгаагүй, адилхан гэж хариулсан байна.
Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт намынхаа төлөөллийн байгууллагуудаасаа нэр дэвших эрхээ урьдчилсан байдлаар авсан нэр дэвшигчдээс хэн нь иргэдийн итгэлийг хүлээж байгаа талаар судалгаа авахад Дархан-Уул аймагт УИХ-ын гишүүн Л.Гансүх, ИХ намын дэд дарга М.Ичинноров, ГЕГ-ын дарга асан Д.Баттөмөр нар эхний гуравт орсон бол нийслэлийн Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ногоон намын дарга Д.Энхбат, дүүргийн засаг дарга П.Цогтбаатар, АН-ын нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин нар тэргүүлсэн байна.
Баянзүрх, Налайх дүүрэгт ИХ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Т.Ганди, дүүргийн засаг дарга асан Н.Гантөмөр, МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг нар эхний дөрвөөр гарсан бол Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн С.Оюун, ИХ намын дэд дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, Д.Тэрбишдагва нар судалгаанд оролцогчдоос хамгийн олон санал авчээ.
Сүхбаатар дүүрэгт МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Сү.Батболд нар магнайлсан бол Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт УИХ-ын гишүүн Лу.Болд тэргүүлсэн байна. Чингэлтэй дүүрэгт АН-ын дарга Ц.Элбэгдорж, ИХ намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батбаяр нарт дүүргийн сонгогчид итгэл үзүүлжээ.
"УИХ-ын 2008 оны сонгуульд ямар төлөөллийг сонгох вэ?" гэсэн асуултад 33.1 хувь нь шинэ залуу улстөрчдийг, 13.1 хувь нь мэргэшсэн парламентчдыг, 9,12 хувь нь мэргэжлийн хуульчдыг, 2.53 хувь нь туршлагатай улстөрчдийг гэж нэрлэжээ. Харин эмэгтэй нэр дэвшигчийг сонгохоо 9.3 хувь нь, 8,6 хувь нь иргэний нийгмийн төлөөллийг, 0,2 хувь нь бизнесменийг сонгоно гэж хариулсан байна.