УИХ-ын Сонгуулийн тов өнөөдөр тодорно (2008-05-07)
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооноос өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын 2008 оны сонгуулийг товлон зарлах, Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Түүнчлэн Сонгуулийн хорооны гишүүнийн ёс зүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх ажээ.
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, 2008 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай болон Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралд Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцжээ. УИХ-ын сонгууль болох өдрөөс 45 хоногийн өмнө сонгуулийг зарлана гэж хуульд заасны дагуу УИХ-ын сонгууль зарлах товыг тавдугаар сарын 14-ний өдөр гэж УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байгаа аж. Гэхдээ мөн өдрөөс эхлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхлэх бөгөөд ажлын 14 хоногт багтаан бүртгэж дуусгасны дараа УИХ-ын сонгуулийн сурталчилгаа улс орон даяар эхлэх ёстой аж. Өөрөөр хэлбэл 2008 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх эрхтэй болохоор төсөлд тусгажээ.
УИХ-ын зарим гишүүн “Олон сумтай аймагт нэр дэвшигчдэд сурталчилгаа хийх хугацаа бага байна. Нэг суманд нэг хоног л ногдоно гэсэн үг. Иймээс хугацааг нь наашлуулж болохгүй юм уу” гэсэн санал хэлж байжээ.
Энэ хурал дээр СЕХ-ны мэдэгдснээр хуулийн хугацаа нь эхлээгүй байхад сурталчилгаагаа хийсэн арав гаруй нэр дэвшигчийн талаарх гомдлыг СЕХ аваад байгаа аж. Эдгээр нэр дэвшигчдийг бүртгүүлэхэд нь хариуцлага тооцох гэнэ. Уг тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад олонх гишүүн дэмжиж, анхны хэлэлцүүлгийн үеэр товын хугацааг тогтож шийдэхээр болсон байна.
Мөн хурлаархУИХ-ын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 2007 оны зургадугаар сард төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын сонгуульд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Төсөвт тусгагдсан зардалд сонгогчийн үнэмлэх, саналын хуудас хэвлүүлэх зардал багтсан байна. СЕХ-ноос дээрх хөрөнгөөс гадна дахин таван тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа талаар санал оруулжээ. Энэ хөрөнгө нь бар код унших тоног төхөөрөмж, программ хангамж болон сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүмүүст олгох урамшуулал буюу цалинд зарцуулагдана. Бар код хэрэгэлэхэд 1.8 тэрбум төгрөг, 26 тойрог, 340 салбар, нийт 1800 хэсгийн хороонд 26 мянган хүн ажиллахаар тооцон урамшуулалд нь 3.3 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо хийжээ. Тоног төхөөрөмжийн хөрөнгийг шийдсэний дараа нэг сая 700 мянган ширхэг бар код унших машиныг гадаадад захиалан хийлгүүлж сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэх юм байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг А4, А3-ын форматтай, усан хээтэй, тусгай нууцлалтай цаасан дээр хэвлэх бөгөөд олон нэр дэвшигчтэй бол том хэмжээтэй саналын хуудас хэвлэх шаардлагатай байгаа аж.
Энэ тогтоолын төслийг УИХ-аар мөн хэлэлцэхээр болжээ.
Байнгын хорооны хурлын үеэр СЕХ-ны удирдлагуудаас сонгогчдын тоо зөрүүтэй гараад байгаагийн учрыг гишүүд тодруулсан байна. ИБМУТ-өөс сонгуулийн насны нэг сая 553 мянга орчим нэрс гаргасан бол Үндэсний статистикийн газраас нэг сая 673 мянга гаруй нэрийг СЕХ-нд өгсөн байна. Хоёроос дээш хаягтай 116 мянга орчим сонгогчдын хаягийг цэгцлэх, янз бүрийн зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгах шаардлагатай байгаа аж. ИБМУТ-өөс сонгогчдын нэрсийн хяналтын тооллого хийж байгаа бөгөөд сонгууль болохоос нэг сарын өмнө хэсгийн хороодод хүргүүлэхээр ажиллаж байна.