2008 оны 1- 4 дүгээр сарын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал (2008-05-13)
Улсын нэгдсэн төсөв
Нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2008 оны эхний 4 сарын байдлаар 684.6 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 635.8 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 48.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан боловч өмнөх оны мөн үеийнхээс 16.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Төсвийн урсгал орлого 680.5 тэрбум төгрөг, урсгал зардал 541.6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 138.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 25.6 тэрбум төгрөгөөр өсчээ.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 77.8 хувь, үүнээс зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 2.6 дахин, гадаад худалдааны татварын орлого 78.4 хувь, онцгой албан татвар 57.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 68.5 хувиар тус тус өссөн байна.
Татварын бус орлого 87.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25.8 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 85.2 хувь, хөрөнгийн зардал 9.0 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 5.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувийн жин 2.2 пунктээр буурч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 1.8 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 0.4 пунктээр тус тус өслөө. Хөрөнгийн санхүүжилтэд 2008 оны эхний 4 сард 57.1 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харцуулахад 2.0 дахин буюу 29.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн боловч, төлөвлөсөн хэмжээнээс 73.2 хувь буюу 156.3 тэрбум төгрөгөөр дутуу санхүүжигджээ.
Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл
Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2008 оны 4 дүгээр сарын эцэст 2 466.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 0.5 хувь буюу 11.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.9 хувь буюу 582.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2008 оны 4 дүгээр сарын эцэст 344.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 4.8 хувь буюу 15.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувь буюу 31.7 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж өмнөх сарынхаас 5.1 хувь буюу 58.4 тэрбум төгрөгөөр буурсан бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.5 хувь буюу 235.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1090.9 тэрбум төгрөгт хүрэв. Гадаад валютын хадгаламж 430.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 1.9 хувь буюу 8.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.0 хувь буюу 127.3 тэрбум төгрөгөөр илүү байна.
Монгол банкны мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.9 хувиар өсч, 2 436.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдийн хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 81.3 хувиар өссөн бол хувийн секторт 64.5 хувь, бусад екторынх 23.3 хувь, санхүүгийн бусад байгууллагынх 3.6 дахин өсч, улсын секторынх 39.2 хувиар уурчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 23.7 хувь, чанаргүй зээлийн өрийн лдэгдэл 1.0 хувь өсөв. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 67.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн рийн үлдэгдлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 пунктээр буурсан байна. Төгрөгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 4 дүгээр сарын эцэст 1164.94 төгрөг болж 2007 оны мөн үетэй харьцуулахад 0.01 хувь чангарав.
Харин төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1811.95 төгрөгт хүрсэн нь 2007 оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувь, төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 166.71 төгрөг болж 10.4 хувь суларсан байна. Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа 2008 оны 4 дүгээр сард нийт 22 удаа явагдаж, 3.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 3.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоо 2008 оны 3 дугаар сартай харьцуулбал42.4 хувь, гүйлгээний хэмжээ нь 2.2 хувиар буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 2.7 дахин, гүйлгээний хэмжээ 3.0 дахин буурав.
ТОП-20 дундаж индекс 2008 оны 4 дүгээр сард 12445.8 болж, өмнөх сарынхаас 223.2 нэгжээр буурчээ.
Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2008 оны 4 дүгээр сард 842.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 5.4 хувиар буюу 47.6 тэрбум төгрөгөөр буурсан байна...
Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр 2008 оны 4 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад 5.1 хувь өсчээ. Энэ өсөлтөд хүнсний барааны бүлгийн үнийн дүн өмнөх сартай харьцуулахад 11.1 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин боловсролын үйлчилгээний бүлгийн дүнгээр үнэ тогтвортой, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийнх 0.4 хувь буурсан бөгөөд тэдгээрээс бусад бүлгийн үнэ дүнгээрээ 0.4-5.6 хувь өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр 2007 оны жилийн эцсийнхээс 13.8 хувь өссөн байна. Энэ өсөлтөд хүнсний барааны бүлгийн үнэ 29.3 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 10.1 хувь, согтууруулах ундаа, тамхиных 7.7 хувь, тээврийн бүлгийнх 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 3.4 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2008 оны 4 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад бүх аймаг болон нийслэлд 2.3-9.2 хувиар өслөө.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 4 сарын байдлаар 1 722.9 сая ам.доллар, үүнээс экспорт 771.2 сая, импорт 951.7 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 180.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 69.6 хувь, экспорт 53.2 хувь, импорт 85.8 хувиар тус тус өслөө. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүн 167.6 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс 109.0 саяам.доллараар нэмэгдэж, харин түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 3.5 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 3.3 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 3.0 сая ам.доллараар, мал амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн 1.1 сая ам.доллараар буурчээ.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувь, үнийн дүн нь 41.4 хувиар өссөн байна. Нэг тонн зэсийн баяжмалын үнэ өмнөх оны эхний 4 сарын дунджаар 1 054.3 ам.доллар байсан бол 2008 оны эхний 4 сарын дунджаар 1 452.2 ам.доллар болж,37.7 хувиар өсөв. Импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 115.8 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 91.3 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 48.0 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн 38.5 сая ам. доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 20.0 сая ам.доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 14.6 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 12.7 сая ам доллараар өсч, харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 2.1 сая ам доллараар буурав.
Өмнөх оны мөн үеийнхээс автобензиний импортын биет хэмжээ 22.6 мянган тонноор, үнийн дүн нь 42.2 сая ам.доллараар, хөнгөн тэрэгний импортын биет хэмжээ 6.7 мянган ширхэг, үнийн дүн нь 35.5 сая ам.доллараар, гурилын импортын биет хэмжээ 22.5 мянган тонн, үнийн дүн нь 15.9 сая ам.доллараар нэмэгдэж, харин цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 41.3 сая квт.цаг, үнийн дүн нь 105.5 мянган ам. Доллараар буурчээ.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 оны эхний 4 сарын байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 507.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувь буюу 21.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ус ариутгал, усан хангамж, мод, модон эдлэл үйлдвэрлэл, цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл, нүүрс олборлолт, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бусад ашигт малтмал олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, төмрийн үйлдвэрлэл, төмөрлөг ус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, резин болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл, тамхи үйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл зэрэг салбарын үйлдвэрлэл 3.9 хувиас 7.3 дахин өсч, харин эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, металлын хүдэр олборлолт, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл зэрэг салбарын үйлдвэрлэлт 4.2-53.6 хувь буурсан байна.
Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 55.6 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 44.4 хувийнх нь үйлдвэрлэл буурсан байна. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, нүүрс, түгээсэн цэвэр ус, газрын тос, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал, малын мах, хиамны зүйл, тараг, малын тэжээл, талх, нарийн боов, чихэр, гоймон, архи, пиво, цэвэр ус, жүүс, тамхи, хивс, шахмал эм, тарилгын эм, цемент, шохой, шавардлагын зуурмаг, төмөр бетон эдлэл, бетон дэр, металл бэлдэц, металл цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлсэн молибдений баяжмал, алт, гурил, жигнэмэг, спирт, дарс, өлөн гэдэс, катодын зэс, цул бетон, ган төмөр хийц, нэг удаагийн тариур, лаа зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2008 оны эхний 4 сарын байдлаар 868.3 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Тээвэр
Төмөр замаар 2008 оны эхний 4 сард 5.0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 1.4 сая зорчигч тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеийнхээс тээсэн ачаа 3.7 хувь буюу 178.5 мянган тонноор өсч, зорчигчдын тоо 2.3 хувь буюу 32.5 мянган хүнээр буурчээ. Харин 2008 оны 4 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад төмөр замаар тээсэн зорчигч 3.2 хувь буюу 11.0 мянган хүнээр нэмэгдэн, тээсэн ачаа 3.2 хувь буюу 40.5 мянган тонноор буурсан байна.
Агаарын тээврээр 2008 оны эхний 4 сард 584.4 тонн ачаа, давхардсан тоогоор 99.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад тээсэн ачаа 11.1 хувь буюу 58.2 тонноор, зорчигчдын тоо 5.3 хувь буюу 5.0 мянган хүнээр өслөө. Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2008 оны эхний 4 сард 88.3 тэрбум төгрөгт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 21.1 хувь буюу 15.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ажилгүйчүүд
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2008 оны 4 дүгээр сарын эцсийн байдлаар 31.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувь буюу 2.0 мян.хүнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 18.0 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 56.5 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдээс 2008 оны эхний 4 сарын байдлаар 10.0 мян.хүн ажилд орсны 19.0 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 81.0 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.
Эрүүл мэнд
Төрсөн хүүхдийн тоо 2008 оны эхний 4 сарын байдлаар 20.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.7 хувь буюу 4.0 мянган хүүхдээр, амаржсан эх 20.1 мянга болж, 24.6 хувь буюу 4.0 мянган эхээр нэмэгджээ. Нэг хүртэлх насандаа 440 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувь буюу 110 хүүхдээр нэмэгдэж, 1-5 хүртэлх насандаа 84 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Эхийн эндэгдэл 7 болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 63.2 хувь буюу 12 эхээр буурчээ.
2008 оны эхний 4 сард 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22 болж өмнөх оны мөн үеийнхээс 2 пунктээр өсч, харин 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байна. Нялхсын эндэгдэл /1000 амьд төрөлтөд ногдох/ Өвөрхангай, Архангай, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Увс, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор аймагт улсын дунджаас дээгүүр байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 12.8 мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 1.7 мянган хүнээр буурав. Вируст гепатитаар өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 12.3 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 8.6 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 5.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 5.1 хувиар өсч, харин цусан суулгаар өвчлөгчдийн тоо 5.6 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 7.9 хувиар буурчээ. Вируст гепатит өвчний дэгдэлт хүн амын дунд ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн дунд илүү эрчтэй тархсан байна. Нийт вируст гепатитаар өвчлөгчдийн 91.6 хувь нь А хэлбэрийн вируст гепатитаар өвчилсөн нь иргэдийн нийгмийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж байна. Улсын хэмжээнд 2008 оны эхний 4 сарын байдлаар нийт 5.1 мянган хүн нас барсанаас 26.7 хувь буюу 1374 нь эмнэлэгт нас баржээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт нас барсан хүний тоо 6.9 хувиар өсчээ.
Эмнэлэгт нийт 228.7 мянган хүн хэвтэж эмчлүүлэв. Хувийн эмнэлгүүд 2008 оны эхний 4 сард 287.6 мянган хүнд үйлчилж, 2.2 тэрбум төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 1.4 хувиар буурч, үйлчилгээний төлбөрийн хэмжээ 10.6 хувиар нэмэгджээ.
Гэмт хэрэг
2008 оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэрэг 6.8 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 5.7 хувь буюу 411 хэргээр буурчээ. Гэмт хэргийн гаралт 2007 онтой харьцуулахад Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Өмнөговь, Увс, Төв, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай аймагт 1.2-45.2 хувиар буурч, харин бусад аймаг, нийслэлд 0.9-19.5 хувь өссөн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 27.3 хувь хүнийг санаатай алах гэмт хэрэг 25.0 хувь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 25.0 хувь; бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг 16.7 хувь; тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11.6 хувь; өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 13.9 хувь; (үүнээс: завших үрэгдүүлэх 41.0 хувь; булаалт 27.3 хувь, залилан 13.0 хувь; хулгай 12.1 хувь; дээрэм 5.2 хувь); захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 8.8 хувь; албан тушаалын гэмт хэрэг 8.6 хувь; нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3.1 хувь; бусдыг амиа хорлоход хүргэх 2.3 хувь; аж ахуйн эсрэг гэмт хэрэг 1.6 хувиар буурчээ. Харин хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 5.2 хувь (үүнээс: иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.3 хувь); хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 13.8 хувь; үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.3 хувь; хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 17.5 хувь; иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 41.7 хувь; хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг 50.0 хувь; байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 3.3 дахин өсчээ. Гэмт хэргийн улмаас нийтдээ 9.9 тэрбум төгрөгийн хохирол учирсны 64.6 хувь нь буюу 6.4 тэрбум төгрөг нь иргэдийн өмчийн хохирол байна. Нийт хохирлын 17.4 хувийг нөхөн төлүүлжээ.