МАХН мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг сурталчилж байгааг СЕХ хэлэлцэнэ (2008-06-11)
МАХН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор гардуулснаасаа хойш нэмэлт оруулж иргэдэд Эх орны хишиг нэрээр 1,5 сая төгрөгийн орлого хүртээнэ хэмээн сурталчилж байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж СЕХ-нд Ардчилсан намаас гомдол гаргасан байна. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өдөр тутмын сонинуудад ярьснаас үзвэл намууд сонгуульд оролцохоор хүсэлт гаргахдаа намын төлөөллийн төв байгууллагаараа албан ёсоор хэлэлцүүлж баталсан хөтөлбөрөө бусад шийдвэр, тогтоолын хамт СЕХ-нд ирүүлсэн. Үүний дараа СЕХ улс төрийн намуудад сонгуульд оролцох батламж гардуулсан. Гэтэл МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт одоо яригдаад байгаа нэг сая таван зуун мянган төгрөгийн асуудал огт байхгүй байгаа аж. Ардчилсан намын гомдлоор үүссэн энэ асуудлыг СЕХ удахгүй хэлэлцэнэ хэмээн тэрбээр мэдэгджээ.
Гэхдээ энд нэг онцлох зүйл байгаа нь “Эх орны хишиг” гэдгийг МАХН-ын удирдлага ярьж байгаа болохоос нэр дэвшигчид нь одоогоор яриагүй аж. Хуулинд нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөртэй байхыг хориглосон заалт л бий ажээ. Өөрөөр хэлбэл зөвхөн нэр дэвшигчийг торгох, удаа дараа мөрийн хөтөлбөрөө зөрчиж яриад байвал тухайн нэр дэвшигчийг хасах хүртэл арга хэмжээ авах боломжтой юм байна. СЕХ-нд нэгэнт батлуулж, бүртгүүлсэн хөтөлбөрөөрөө л зөв зүйтэй уралдаж, шударга өрсөлдөх ёстой хэмээн СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үзэж байна.
Саналын хуудсан дээр намуудын нэрийг цуваагаар бус хайрцаглаж байрлуулсан нь маргаан үүсгэж буй талаарх асуултад Б.Баярсайхан хариулахдаа, СЕХ-ны хуралдаанд гурван төсөл орсон. Дээрээс доош, ар араас нь цувруулсан байдлаар хийсэн төсөл байсан. Одоо батлагдаад байгаа загвар ч орсон. Хамгийн муу хувилбарыг СЕХ баталсан. Тэр асуудал дээр миний бие өөр нэг гишүүний хамт цөөнх болсон. Нэгэнт СЕХ-ны хурлаар баталсан учраас цуцлах аргагүй Одоо тайлбарлах, сурталчлах ажлыг л СЕХ хийж байна. Энэ бол цаашид анхаарах асуудал. Хамгийн энгийн ойлгомжтой байдлаар саналын хуудсыг хийхгүй бол сонгуулийн ажил явахад ч түвэгтэй хэмээн хэлжээ.