Онц байдал хоёр дахь өдрөө үргэлжилж байна (2008-07-03)

A- A A+
Онц байдал хоёр дахь өдрөө үргэлжилж байна (2008-07-03)

Онц байдал хоёр дахь өдрөө үргэлжилж байна (2008-07-03)

УИХ-ын Онцгой чуулган өчигдөр орой  хаалттай хуралдаж “Онц байдал тогтоох тухай”  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг   хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан байна.  “Онц байдал тогтоох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигийг батлах тухай тогтоолийг санал хураалтад оролцсон  УИХ-ын 58 гишүүний 54 нь буюу  96,6 хувь  нь дэмжсэн  гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал тогтоосноос хойш 24 цагийн дараа ард түмэндээ хандан  дахин үг хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, эмх замбараагүй байдлын улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд нэн харамсаж, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэлээ илэрхийлж байна гээд  цаашид нийтийг хамарсан ийм эмх замбараагүй явдлыг дахин гаргуулахгүй байх талаар нийт нийгмээрээ сэрэмжлэн анхаарах хэрэгтэй байна гэжээ. Хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн шалтгааныг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдэгджээ. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөн зохион байгуулсан хууль бус үйлдлийн эздийг тогтоож хуулийн хариуцлагыг хүлээлгэх нь зайлшгүй хэмээн Ерөнхийлөгч хэлээд хүмүүсийн хүсэн хүлээж буй энэ чухал ажил зөвхөн хуулийн хүрээнд, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, мөн хариуцлагыг ухамсарлуулах хүрээнд хийгдэх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн УИХ-д суудалтай улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагад хандан үүссэн нөхцөл байдлыг цаашид эв зүйгээр шийдэхийн төлөө зөв шийдэл гарцыг хамтдаа олцгоохыг дахин уриалжээ.

Онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах, хохирлыг тодорхойлох, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох бүхий л арга хэмжээг одоо хуулийн дагуу шуурхай штабаар дамжуулан авч хэрэгжүүлж буй бөгөөд штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ахалж байна.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр гадаад, дотоодын сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.  Түүний хэлснээр долдугаар сарын 1-ний 23.00 цагийн байдлаар үймээн самуун болсон газарт 8000 орчим хүн цугларчээ. Тэднээс 200-300 орчим хүн үймээнд оролцож, 20-35 хүн зохион байгуулсан байна. Бусад нь сонирхогчид байсан гэнэ. Гарсан гал түймрийг унтраахаар ОБЕГ-ын16 машин, 300 гаруй албан хаагч ажиллаж 2-ны өглөө 04.00 цагийн үед галыг унтраажээ. Тэд 11 хүнийг галаас аварсан байна. Найман гал сөнөөгч гэмтэл авчээ. Үймээн гаргагчдын эсрэг нулимс асгаруулах хий, дохионы буу, резинэн сумтай буу хэрэглэжээ. Галт зэвсэг хэрэглээгүй гэж сайд Ц.Мөнх-Оргил хэлжээ. Цагдаагийн 1800 албан хаагч энэ үйл ажиллагаанд оролцож, 108 нь гэмтжээ. Тэднээс 19 нь хүнд гэмтсэн, зарим нь ухаан ороогүй байгаа аж. Нийт 718 хүнийг баривчлан саатуулж шалгаж эхэлжээ. Бужигнааны үеэр 221 иргэн гэмтэж бэртсэнээс 31 нь эмнэлэгт хэвтэж байна. Таван хүний амь үрэгдсэн хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна. Түүнчлэн зарим газар бүлэглэлүүд үүсч дахин үймээн гаргах, Онц байдал цуцалсны дараа дахин жагсаал цуглаан хийх гэж байгаа талаар мэдээлэл ирээд байгаа хэмээн сайд Н.Мөнх-Оргил мэдэгдсэн байна.

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр орж, үймээн самууны үеэр бэртэж гэмтсэн, шархадсан иргэдийг эргэж, биеийн байдалтай нь мөн танилцсан байна. Ц.Элбэгдорж  хүний амь эрсэдсэнд гүн харамсч байгаагаа илэрхийлээд цааш нь ард иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэсэн нөхдөд хариуцлага хүлээлгэж баривчлах ёстой. Эдгээр хариуцлагагүй хүмүүс, авлигаар ард түмний сонголтыг буруу болгосон этгээдүүдэд төр төмөр нүүрээ харуулах ёстой байсан. Гэтэл энэ төр ард түмэндээ төмөр нүүрээ харууллаа. Дарангуйлалтай бусад оронд хэрэглэдэг аргыг хэрэглэж байна. Хүчирхийлэл гарч эхлэхэд эрх баригчид зүгээр суусаар байгаад ийм байдалд хүргэсэн хэмээн мэдэгджээ.