ОНЦ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН МОНИТОРИНГ, ХАМГААЛЛЫН ЭВСЛИЙН МЭДЭГДЭЛ
2008 оны 7-р сарын 6-ны өдөр Улаанбаатар хот
Онц байдал зарласан нөхцөлд хүний эрхийн зөрчил газар авах магадлал маш өндөр байдгийг хүн төрөлхтний түүхэн туршлага олон дахин харуулсан. Ийм учраас хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй ТББ хамтран 2008 оны 7-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнөөс эхлэн 4 хоногийн Онц байдлын үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах зорилгоор эвсэл болон ажиллалаа.
Өмгөөлөгч, хуульч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, оюутан, хүний эрхийн ажилтан зэрэг 100 гаруй хүн сайн дурын үндсэн дээр нэгдэн эмх замбараагүй үйл ажиллагаатай холбоотой хэмээн баривчлагдсан хүмүүсийн нөхцөл байдалд мониторинг хийж, энэ явцдаа тодорхой тооны баривчлагдсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж эхэллээ.
Мониторингийн хүрээнд эвслийн гишүүд тодорхой газруудаар биечлэн очиж, холбогдох албан тушаалтан, баривчлагдсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэнтэй ярилцах аргаар мэдээлэл цуглуулсан. Энэ явцад онц байдал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавихдаа хууль, хүчний байгууллагуудын зүгээс дараахь нийтлэг зөрчил гарсныг Монгол улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцид үндэслэн тогтоож байна. Үүнд:
- Онц байдал зарласан тухай мэдээллийг радио, телевизээр хүлээн авах боломжгүй байсан иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах, түгээх арга хэмжээг бүрэн, шуурхай аваагүй;
- Баривчилгаа явуулах бие бүрэлдэхүүнийг баривчлагдагсадтай хуулийн хүрээнд харилцах тухай заавар, удирдамжаар хангаагүй;
- Олон иргэдийг хууль зөрчин, хоморголон баривчилж, хүч хэтрүүлэн хэрэглэж, зодож гэмтээсэн;
- Баривчлагдсан хүмүүсийг хүний эрхийн наад захын стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хорьсон. Ялангуяа:
- Бөгчим, халуун, агаарын солилцоогүй өрөөнд, тухайлбал 20 квадрат метр орчим нэг жижиг өрөөнд 30-50 хүнийг нэг дор хорьсон. Мөн саатуулах байрны машины гаражт бөөнөөр нь байлгасан,
- Насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг насанд хүрсэн эрэгтэйчүүдтэй бөөнөөр нь хорьж холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн,
- Хоригдогсдын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл туйлын хангалтгүй байсан,
- Хүний наад захын физиологийн хэрэгцээ болох бие засах зэргийг нь хорьсноор иргэдийн эрүүл мэнд хохирсон,
- Хоригдсон хүмүүсийг шаардлагатай хоол хүнсээр хангаагүй. Жишээ нь, эхний өдөр зарим газар огт хоол, ус өгөөгүй, зарим газар нэг ширхэг боорцог, крантны уснаас өөр юм өгөөгүй, хоёрдахь өдөр хлораминтай цай өгсөн байна
- Эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүст анхан шатны эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй,
Иргэдийг хоморголон баривчлах явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтуудыг доорх байдлаар ноцтой зөрчиж байна:
- Баривчилсан үндэслэлийг хэлээгүй, хууль сануулаагүй,
- Баривчлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нэн даруй мэдэгдээгүй,
- Баривчлах, байцаалт авах үедээ хүмүүст өмгөөлөгч авах, өөрөө өөрийхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг үндсэн эрхийг сануулаагүй,
- Насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс байцаалт авахдаа эцэг эх, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг байлцуулаагүй,
- Хүнлэг бус, хэрцгий хандан, эрүү шүүлт хэрэглэх замаар хэрэг тулган хүлээлгэсэн,
- Мөн телевизийн дүрс бичлэгийг дан ганц хөдөлшгүй нотлох баримт мэтээр үзэн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр дахин дахин нэвтрүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
Дээрхи зөрчлийн улмаас баривчлагдсан хүмүүс, тэдний гэр бүл, ойр дотныхон сэтгэл санааны хүнд байдалд орж, цаг хугацаа, эд хөрөнгийн хувьд багагүй хохирол амсаад байна. Баривчилгаа эхэлснээс хойш 5 өдөр өнгөрөөд байхад сураггүй алга болсон, хоригдсон эсэх нь үл мэдэгдэх нийт 70 гаруй хүн байгааг үр хүүхэд, хань ижил, ахан дүүс нь хайсаар байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пакт, Олон улсын Ромын дүрэм, Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенци гэх мэт хүний эрхийн үндсэн баримт бичгүүд, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ийнхүү ноцтой зөрчиж байгаа нь байцаан шийтгэх ажиллагааг хууль бус хэмээн үзэхэд хүргэж байна. Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглосон хүний эрхийн суурь зарчмыг заавал дагаж мөрдөх ёстой. Үүнийг зөрчсөн тохиолдлыг ямар ч байдлаар зөвтгөх аргагүй юм. Иймээс хүний үндсэн эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаа хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг бид шаардаж байна.
Онц байдлыг зарлахдаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс бусад хэвлэл мэдээллийн бие даасан хэрэгслийн үйл ажиллагааг түр зогсоосон нь мэдээллийн тэнцвэргүй, хомс байдлыг үүсгэж, бодит байдлыг бүрэн дүүрэн харуулаагүй мэдээллийг нийгэмд цацах нөхцлийг бүрдүүлсэн. Нийгэм цочирдсон энэ үед мэдээллийн хомс байдал нь иргэдийн айдас түгшүүрийг улам нэмэгдүүлж, төрийн хамгаалалтанд итгэх итгэлийг нь алдагдуулаад байна. Энэ үйл явдал Монголын өнөөгийн нийгэмд ардчиллын баталгаа хэврэг, хүний эрхийн хамгааллын механизм нэн сул байгааг бэлхнээ харууллаа.
Тиймээс дээр дурдсан зөрчлийг хүний эрхэд суурилсан, тайван замаар шийдвэрлэж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах, цаашид Монгол улсад хүний эрхийн баталгааг бүрэн хангахын төлөө төр засаг, улс төрийн бүх хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн ажиллахыг уриалж байна.
Мэдэгдэл хийсэн:
Хүний эрх хөгжил төв
Хууль хүний эрх төв
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Нээлттэй нийгэм форум
Глоб интернэшнл
Филантропи хөгжлийн төлөө төв
Монголын эмэгтэйчүүдийн сан
Алхам алхмаар ТББ
“Хөгжицгөөе” клуб
Эмнэсти интернэшнл
Иргэн Д.Ламжав
Эрх чөлөө төв
“Монгол өрх” сэтгэл заслын холбоо
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
Монголын эрэгтэйчүүдийн холбоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
Их британий хүүхдийг ивээх сан
Тэгш мөр төв
Хүүхдийн эрхийн үндэсний төв
Өсвөр үеийнхний хөгжлийн төв
Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
Нисора хөгжлийн сан
Иргэдийн алъяанс төв
Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгмийн чуулганы Азийн төлөөлөгч