Шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхээр ажлын хэсэг байгуулагдав (2008-07-26)
УИХ-ын тав дахь удаагийн буюу 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч нээн хуралдуулсан боловч шинэ гишүүд тангарагаа өргөж чадалгүй тарсан. Энэ чуулган дээр СЕХ-ны дарга Б.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийн тухай илтгэл тавьж шинээр сонгогдсон гишүүдийн асуултад хариулсан бөгөөд үүний дараа Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд хуралдааны танхимыг орхисон юм. Анхдугаар чуулганыг цааш үргэлжлүүлэх, улмаар шинэ сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлэх ёслолыг хийх үүднээс УИХ-д суудалтай намууд ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр байгуулжээ. Ардчилсан намаас ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Баярцогт, Х.Баттулга, Н.Батбаяр, шинээр сонгогдоод байгаа Ч.Сайханбилэг нар томилогдож, ахлагчаар нь З.Энхболдыг тавьжээ. МАХН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ахалж, гишүүдэд нь УИХ-ын гишүүн Н.Энхболд, Сү. Батболд, Су.Батболд, шинээр сонгогдсон Ж.Сүхбаатар нар багтжээ.
Хоёр намын зөвшилцөх ажлын хэсгийн анхны уулзалт өчигдөр болсон байна. Уулзалтын танхимд товлосон цагт МАХН-ын дарга С.Баяр, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж нар тус тусын ажлын хэсгийн гишүүдийг дагуулан иржээ. Анхны уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн аж. Энэ уулзалтын талаар “Өдрийн сонин” /¹178/ хоёр талын ажлын хэсгийн ахлагч З.Энхболд, Д.Дэмбэрэл нараас зарим зүйлийг тодруулжээ.
МАХН-ын ажлын хэсгийн ахлагч Д.Дэмбэрэлийн ярьснаас үзвэл одоогийн өргөн барьсан 66 гишүүний бүрэн эрхийг зөвшөөрч УИХ-ыг үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, цаашлаад Засгийн газар бүрдүүлэх саналыг МАХН-ын зүгээс гаргажээ. Засаглалыг ийм байдалтай байлгах нь ард түмэнд хохиролтой гэж тус нам үзэж байгаа аж. Мөн үнийн өсөлтөөс бид болгоомжилж байна хэмээн Д.Дэмбэрэл мэдэгджээ.
Харин Ардчилсан намын хувьд СЕХ-ноос 66 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн дүн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тус намын ажлын хэсгийн ахлагч З.Энхболдын ярьснаар бол СЕХ сонгууль болсноос хойш 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үүрэгтэй. СЕХ-ны хууль ёсны хурал энэ сарын 10-нд болсон. Энэ хурлаар тус хорооны дарга Б.Баттулгад маргаантай зургаан тойргийг авч үлдээд, өргөн барихаас өмнө 18,26 гэсэн хоёр тойргийн маргаан арилбал хасах эрх өгсөн аж. Дурдсан хугацаанаас өмнө 26 дугаар тойргийн маргаан арилсан. Тэгэхээр үлдээсэн таван тойргийг хасаад 21 тойргийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эрхтэй байсан. Гэтэл СЕХ-ны дарга эрхээ хэтрүүлж дахин хоёр тойргийн дүнг нэмсэн тул сонгуулийн дүн хууль бус болсон гэж тус нам үзэж байна. Үүнийг хууль ёсны болгох ажлыг СЕХ хичнээн түргэн хийнэ. Тэр дүнгээр анхдугаар чуулган үргэлжлэхэд татгалзах зүйл байхгүй хэмээн З.Энхболд мэдэгджээ.
Хоёр тал харилцан шаардлагаа илэрхийлснээр хурал түр завсарласан бөгөөд хэзээ дахин хуралдах нь одоогоор тодорхойгүй байна.