СЕХ-ны дарга Б.Баттулга: Тангарагаа өргөөд дараа огцруулах эсэхээ шийднэ биз (2008-08-25)

A- A A+
СЕХ-ны дарга Б.Баттулга: Тангарагаа өргөөд дараа огцруулах эсэхээ шийднэ биз (2008-08-25)

СЕХ-ны дарга Б.Баттулга: Тангарагаа өргөөд дараа огцруулах эсэхээ шийднэ биз (2008-08-25)

Монголын улстөрийн хоёр дахь том хүчин болох Ардчилсан нам Сонгуулийн Ерөнхий хорооны даргыг огцруулахаас нааш шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхгүй хэмээн хурал хаяад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ асуудалтай холбогдуулан СЕХ-ны дарга Б.Баттулга 2008 оны наймдугаар сарын 25-ны “Өнөөдөр”, “Зууны шуудан” зэрэг өдөр сонинд ярилцлага өгсөн байна. СЕХ сонгуулийн нэгдсэн дүнг Ерөнхийлөгчид айлтгахдаа тогтоол гарах ёстой хэмээн Ардчилсан нам үзэж байгаа юм. Энэ тухайд ноён Б.Баттулга тайлбарлахдаа “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйл, сонгогчдын санал тоолсон дүнгийн тухай хэсгийн хороодын тогтоолыг үндэслэн сонгуулийн тойргийн хорооноос тогтоол гаргадаг. Үүнд үндэслэн СЕХ сонгуулийн нэгдсэн дүнг гаргана. Өөрөөр хэлбэл СЕХ-нд тойргийн хороодын шийдвэрт аливаа өөрчлөлт засвар хийх эрхгүй. Тойргийн хороод нэгэнт тогтоол гаргасан учраас нэг асуудлаар хоёр тогтоол гаргах боломжгүй хэмээн тус хороо олонхиороо шийдвэрлэсэн гэж хэлжээ. СЕХ бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаж тогтоол гаргана хэмээн Сонгуулийн төв байгууллагын хуульд заасан талаар Б.Баттулга ярихдаа, СЕХ хуулиар олгосон 60 гаруй бүрэн эрхтэй, тэр бүхнээр тогтоол гаргадаггүй. Нийтээр дагаж мөрдөх эрх хэмжээг тогтоосон шийдвэр л тогтоол хэлбэрээр гарах ёстой хэмээн мэдэгджээ.

СЕХ хамтын удирдлагатай, олонхийн саналаар шийдвэр гаргадаг байгууллага. Манайх есөн гишүүнтэй, тэдний олонхиор гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхөөс аргагүй. СЕХ-ны есөн гишүүний тавыг нь УИХ, хоёрыг нь Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх санал болгож УИХ баталдаг юм. Гишүүд маань тангараг өргөж, намаасаа түдгэлздэг. Улс төрийн амьдралд үүссэн гацаа гэж нэрлээд байгаа нөхцөл байдал СЕХ-ноос огт шалтгаалаагүй хэмээн СЕХ-ны дарга мэдэгджээ.

Санал хураалтын өдөр СЕХ-ны дарга Б.Баттулга “сонгогч ИБМУТ-өөс ирүүлсэн нэрийн жагсаалтад нэр нь ороогүй ч гэсэн тухайн хаяг дээрээ байгаа эсэхээс үл хамааран иргэний үнэмлэхийн хаягт хамрах сонгуулийн хэсэгтээ саналаа саадгүй өгөх ёстой” гэж шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн хэмээн маргаан мөн үүссэн. Тэрбээр ийм агуулга бүхий бичгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хүн ам олноор суурьшсан газрууд дахь тойргийн хороодод явуулсан юм. Энэ тухайгаа Б.Баттулга тайлбарлахдаа, сонгуулийн эрх бүхий иргэнээ сонгуульд оролцуулах нь СЕХ-ны үүрэг. Энэ зорилгоор л уг энэ бичгийг явуулсан. Үр дүнд 10 гаруй мянган хүн саналаа өгч чадсан. Ер нь нийт сонгогчдын маань 76.4 хувь нь сонгуульд оролцож, тэдний саналын 96.4 хувь хүчинтэй байсан нь СЕХ, сонгуулийг зохион байгуулсан манай нийт байгууллага, хүмүүсийн ажлын үр дүн хэмээн мэдэгджээ. Энэ шийдвэрийг  шүүхээр авч хэлэлцээд хууль зөрчөөгүй хэмээн үзсэн гэж тэрбээр хэлжээ.

Шинэ гишүүд тангарагаа өргөөд дараа нь өөрийг нь огцруулах эсэхээ шийдэх зүйд нийцнэ хэмээн СЕХ-ны дарга үзэж байгаа аж.