Шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ (2008-08-29)

A- A A+
Шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ (2008-08-29)

Шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ (2008-08-29)

2008 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганыг энэ оны долдугаар сарын 23-нд зарлан хуралдуулсан боловч Ардчилсан намын гишүүд хурлыг орхисноор гацсан. Энэ гацаа УИХ-ын 67 гишүүн өчигдөр тангараг өргөснөөр ариллаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын анхдугаар чуулганы товыг  долоон удаа товлон зарласан байна.

СЕХ-ны дарга Б.Баттулгын мэдэгдснээр  2008 оны долдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчид УИХ-ын сонгуулийн 23 тойргоос сонгогдсон 66 гишүүний нэрийг өргөн барьсан бөгөөд айлтгаснаас хойш Хэнтий аймгийн сонгуулийн тойргийн хороо маргааныг шийдвэрлэж  нэр дэвшигчдээ тодруулсан тул тус аймгаас сонгогдсон гурван гишүүнийг нэмээд УИХ-ын 69 гишүүн тангараг өргөх болсон байна. Харин өчигдөр  Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, Иргэний Зориг намын дарга С.Оюун нараас бусад нь тангаргаа өргөжээ. С.Оюуны хувьд гадаадад томилолтоор ажиллаж буй тул анхдугаар чуулганд оролцоогүй байна. Харин Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Баянгол дүүрэг болон Дорнодын аймгийн сонгуулийн маргаан шийдэгдтэл чуулганд оролцохгүй байхаар шийдвэрлэжээ. Тэрбээр мөн өдөр Ардчилсан намын даргаас огцрох өргөдлөө өгсөн байна.

УИХ-ын 67 гишүүн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр  баяр хүргээд УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу насаар хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэлийг хуралдаан даргалахыг урьжээ. Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын даргын суудалд сууж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншив. УИХ-ын гишүүдэд тогтоолыг уншиж танилцуулсны дараа санал хураалт явууллаа. Санал хураалтад 67 гишүүн оролцож, 100 хувь зөвшөөрснөөр УИХ-ын гишүүдийн бүрэн эрх  ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.