АТГ нэг жилийн хугацаанд 900 гаруй гомдол хүлээн авчээ (2008-10-07)

A- A A+
АТГ нэг жилийн хугацаанд 900 гаруй гомдол хүлээн авчээ (2008-10-07)

АТГ нэг жилийн хугацаанд 900 гаруй гомдол хүлээн авчээ (2008-10-07)

Авлигатай Тэмцэх Газар 2007 оны есдүгээр сарын 7-ноос 2008 оны есдүгээр сарын 07 хүртэлх хугацаанд хийсэн ажлынхаа тоон мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Энэ хугацаанд тус байгууллага иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжээс нийт 917 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 165 гомдлыг иргэд өөрийн биеэр Авлигатай тэмцэх газарт мэдээлж, 115 нь өргөдөл, 269 захидал, 106 нь утсаар холбогдож, найман хүн интернэт ашиглан хүсэлт ирүүлсэн аж. Иргэдээс ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгалт хийхэд 668 гомдол эрүүгийн хэргийн шинжтэй буюу ноцтой зөрчлийн талаарх мэдээлэл байжээ. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд 68 гомдол мэдээллийн холбогдох этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлж, 396 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзаж, 118 гомдлыг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, 71 хэргийг эрүүгийн хэрэгт хамруулан шалгасан байна.

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан харъяаллын дагуу найман төрөлд багтаан ирүүлсэн гомдлын 57-д яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэн, 39 хэргийг хэрэгсэхгүй болгож, 14 хэргийг өөр төрлийн эрүүгийн гэмт хэрэгт хавсарган цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ нэг жилийн хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу эрүүгийн хэрэгт 354 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан байна. Тэднийг албан тушаалаар нь авч үзвэл, 19 нь улстөрч, 54 нь төрийн захиргааны, 99 нь төрийн тусгай хамгаалалттай газрын албан хаагч, төрийн үйлчилгээний 38, төрийн бус байгууллагын 138, гадаадын зургаан иргэн байжээ. Нийт шалгасан эрүүгийн хэрэгт 34 тэрбум 14 сая 744 мянга гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар хоёр тэрбум 88 сая 531 мянга гаруй төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулаад байгаа аж. Мөн хоёр тэрбум 37 сая 664 мянган төгрөгийн эд зүйлийн АТГ хураан авчээ.