Нээлттэй Нийгэм Форум 2016 онд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг нэмэгдүүлэх уриалгыг гаргасан билээ. Энэ ажлын хүрээнд хийгдсэн судалгаагаар ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд иргэдэд хамгийн их тулгамдаж буй, эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүд болохыг тодорхойлсон юм. Тэрчлэн, эдгээр болон бусад тулгамдаж буй бэрхшээлээ шийдвэрлэх талаар хоёр хүний нэг нь тодорхой үйлдэл хийдэггүй, үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “юу ч хийгээд нэмэргүй”, “юу хийхээ мэдэхгүй” гэж хариулсан байдаг.
Дээрх судалгааны үр дүн болон 21 аймгийн 330 сумд, нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын дүнд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр 2018 он 2 сарын 14-ний өдөр баталсан болно. Нээлттэй нийгэм форум тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхттэй оролцож, эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим платформыг бүтээх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн контентоор баяжуулах ажлыг дэмжин өнөөдөр иргэдийн хүртээл болгож, албан ёсоор нээлээ. Тус цахим мэдээллийн санд иргэдэд нэн шаардлагатай байгаа түгээмэл тохиолддог асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болох 35 сэдвээр мэдээлэл бэлтгэн оруулаад байгаа бөгөөд энэхүү цахим платформ нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг, төрийн үйлчилгээний нэг болж байна. Арга хэмжээг Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан ёсоор нээж, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Үндэсний зөвлөлийн ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг танилцуулга хийсэн юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй нийгэм форумын оролцоо, дэмжлэг, цаашдын хамтын ажиллагааны талаар Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа "ННФ Хэнтий, Сэлэнгэ аймагт эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн хэмжээнд нэвтрүүлэн, загвар аймаг болгоход дэмжлэг үзүүлээд бна. Энэ онд зүүн болон төвийн аймгуудад эрх зүйн хөтөч нарыг бэлдэх ажилд дэмжлэг үзүүлнэ" гэсэн юм.
Манай улсад цахим шилжилт, интернэтийн хэрэглээ маш хурдацтай нэмэгдэж байгаа хэдий ч нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хувьд хүртээмж хязгаарлагдмал байгаа нөхцөл байдлыг харгалзан, эрх зүйн хөтөч иргэдийг сургаж, бэлтгэн орон нутгийн төвшинд ажиллуулах нь эрх зүйн анхан шатны туслалцааны тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд доод тал нь 650 орчим тооны эрх зүйн хөтөч бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд сум, суурин газар бүр нэг эрх зүйн хөтөч бэлтгэн ажиллуулахаар зорин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс ННФ нь 2019-2020 онд нийт 9 аймагт эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх ажлыг санхүүжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлэнгэ, Хэнтий аймагт эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж туршихаар техникийн туслалцаа үзүүлж, тус 2 аймгийн 46 сум сууринд эрх зүйн хөтчийн булан нээж ажиллуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг эхлүүлж 100 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Эдгээр 2 аймгийн эрх зүйн хөтчийн үйл ажиллагааны үр нөлөөг үнэлж, сайн туршлагыг бусад аймагт түгээх нь үндэсний хэмжээнд эрх зүйн хөтчийн тогтолцоо хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго тавьсан бөгөөд бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээний бүх шатны байгууллагын оролцооноос гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоо нэн чухал юм. ННФ нь эрх зүйн хөтчийн төрийн тогтолцооноос гадна тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалж, туслалцаа үзүүлэх ТББ-ын эрх зүйн хөтчийн хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаа билээ.