Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа.
206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Санал авах байр, орчин:
Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал сайн хангагдсан байсан боловч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах нийтлэг дутагдлууд ажиглагдсан:
- 113 хэсгийн хороодын 22.1% буюу 25 хэсгийн хороонд ажиглагч үзэгдэх орчныг багана халхалсан байрлалд суух¸ хэт шахцалдах, дэлгэцнээс хэтэрхий хол суулгах, сандал ширээ хүрэлцээгүй байсан зэргээс шалтгаалж, санал хураах үйл явцыг бүрэн ажиглах боломж бүрдээгүй.
- Нийт 41 хэсэгт буюу 36,3% тэргэнцэртэй болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй, өндөр настан зэрэг сонгогчдод зориулсан налуу зам байгаагүйн дээр хэт өндөр довжоотой, нарийн хаалгатай, барилгын Б1 давхарт эсвэл 2 давхарт байрласан зэрэг хүртээмжгүй байжээ.
- Санал авах байрны 33-т нь буюу 29,2%-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан, тэргэнцэртэй хүн суухад тохиромжтой нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгээгүй.
- 51 хэсэгт буюу 45.1% буюу сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэн саналаа өгөх нөхцөлөөр хангагдаагүй байсан нь өмнөх жилүүдээс нөхцөл байдал сайжраагүй хэвээр байгааг харуулж байна.
Санал хураах үйл явц:
Санал хураах үйл явц ерөнхийдөө хэвийн саадгүй үргэлжилсэн боловч хэсгийн хорооны зай талбай хэт жижигхэн, сонгогч саналын хуудас бөглөх, саналаа уншуулах талаа мэдлэггүй байснаас болж дараах нийтлэг зөрчил гарсан байна.
- Нийт хэсгийн 26,1% -д нь саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн. Саналын хуудсыг уншуулахдаа зориулалтын хавтсанд хийгээгүй, санал амжилттай уншигдлаа гэсэн бичиг гарахаас өмнө санал байрнаас гарсан учир буцааж дуудах, зарим ахмад настан зэрэг хүмүүс яаж уншуулахаа мэдэхгүй байснаас арын хүн саналыг нь уншуулж өгөх гэх мэт зөрчил гарав.
- 39,4% -нь хэсгийн хорооны зай талбай хэт жижиг байснаас мэдээллийн технологийн даамал санал уншуулах төхөөрөмжтэй хэт ойр байрласан буюу саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн. Иргэний нийгмийн ажиглагчдын зүгээс хэсгийн хорооны ажилтнуудад энэ талаар сануулж анхааруулах арга хэмжээ тухай бүр авсан.
- 8,9%-д нь сонгогчын хурууны хээ таниагүй тохиолдол гарсан ч регистрийн дугаараар бүртгэж саналыг өгүүлсэн.
- Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 6 хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой 4 ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Мөн үүнтэй ижил нэг хаяг дээр 5 танихгүй хүн нэмж бүртгэсэн зэрэг тохиолдол 2-3 удаа гарсан байна.
Санал тоолох үйл явц:
Санал тоолох үйл явцыг төрийн бус байгууллагын 112 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд ажиглагчдын 80,4% санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсан гэж дүгнэжээ. Ажиглагчдын мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна. Зарим хэсэгт манай ажиглагчийн бэлдсэн CD дээр зурган файлыг өгөөгүй гэх мэт цөөн тооны зөрчил гарсан.
Хяналтын тооллого:
Улаанбаатар хотын 99 хэсгийн хорооны 1/3 хувь буюу 31 хэсэгт хяналтын тооллогын үйл ажиллагааг ажигласан. Орон нутагт 5 хэсэг дэх хяналтын тооллогын явцыг бүрэн ажиглав. Зарим хэсэгт хяналтын тооллого хийх процесс хэт удаан үргэлжилсэн ба энэ алдаж тоолоод дахин эхэлсэн, хэсгийн хороод хяналтын тооллого явуулах тодорхой аргачлалгүй байсан зэргээс шалтгаалан сүүлийн ажиглагч 6-р сарын 25-ны өглөөний 11:00 цагт ажиглалтаас бууж зарим хэсэг тасралтгүй 28 цаг хөндлөнгийн ажиглалт үргэлжиллээ.
Ажиглалт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл:
Иргэний нийгмийн ажиглалт нь сонгуулийн санал авах өдрийн бүхий л үйл явцад хөндлөнгийн мэдээллийг цуглуулж, нэгтгэдэг арга зүйтэй юм. Гэтэл нийслэлийн 6 дүүргийн 27 хэсэгт иргэний нийгмийн ажиглагч нарыг намын ажиглагч нартай 2 цагаар ээлжлүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн шаардлагыг СЕХ болон хорооны дарга, гишүүдэд хандан удаа дараа гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидний зүгээс сонгуулийн өмнөх хоёр өдрийн турш хэсгийн хороо тус бүрт албан хүсэлт илгээж, тойргийн хороодод гомдол гарган ажилласны үр дүнд 20 хэсэгт бүрэн ажиглалт хийх боломжтой болсон ч Чингэлтэй дүүргийн 4, Хан-Уул дүүргийн 3 хэсэгт санал авах үйл явцыг бүрэн ажиглах боломжгүй байлаа. Эдгээр хэсгүүдэд ажиглагчид маань санал авах ажиллагааны нээлт хэсэгт бүрэн оролцож чадсан. Түүнчлэн Баянгол дүүргийн 9,53,6,21,11,7-р хэсгүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулиар олгогдсон ажиглагчдын эрхийг зөрчин гар утсыг хураан авснаас сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл шуурхай хүлээн авах боломжгүй болсон.
Энэхүү хөндлөнгийн, хараат бус ажиглалтын үйл ажиллагааг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ ууд хамтран зохион байгуулж залуучуудаа манлайлан ажиллалаа.
ТЕЛЕВИЗИЙН МОНИТОРИНГ
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб Интернэшнл ТББ нь УИХ—ын 2020 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж УИХ-ын сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ сонгуулийн үед хэвлэл мэдээлэл хараат бусаар, үүргийнхээ хүрээнд ажиллаж байгаа эсэхэд ажиглалт хийв.
6 дугаар сарын 02-22-ны өдрийг дуустал үргэлжилсэн 3 үе шаттай хийгдсэн судалгааны нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон 5 телевиз хамрагдав. Үүнд: МҮОНТ, “UBS” телевиз, “NTV” телевиз, “ТВ9” телевиз, “MN25” суваг телевиз зэрэг багтав. Судалгааны хугацаанд 5 телевизийн 1813 цаг 14 минут 41 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 292 цаг 46 минут 18 секунд нь буюу 16% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
Нийт сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл 62% нь захиалгатай буюу төлбөртэй сурталчилгаа, 16 хувь нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 11% хувь нь далд сурталчилгаа байв. Харин үлдсэн 11% нь ажлаа тайлагнасан талаарх мэдээлэл эзэлжээ.
МҮОНТ болон бусад арилжааны телевизүүд 6-7 нам эвсэлд түлхүү цаг оноосон нь мониторингоор илрэв.
МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ. Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 17%-ийг эзэлсэн бол ойролцоо буюу 15%-ийг АН-д оноожээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 16%-тай тэнцэв. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 45 орчим хувийг эзэлсэн бол АН-д 30%-тай тэнцэх цаг оногджээ.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилааны хувьд хэт магтаж сайшаасан, эерэг буюу сөрөг мэдээллийн хэмжээ буурч төвийг сахисан хандлага нэмэгдэв. Өөрөөр хэлбэл гүжир гүтгэлэг, үнэн худал нь тодорхойгүй сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийн хэмжээ буурсан.
Хамгийн их магтаж сайшаасан мэдээллийг MN25 нэвтрүүлсэн нь 55% болж, хамгийн их сөрөг хандлагатай мэдээлэл NTV телевиз нэвтрүүлсэн нь тус телевизийн сонгуулийн тухай мэдээллийн 25%-ийг эзэлжээ.
Телевизүүд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минут, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн ноцтой тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр илэрсэнгүй.
Энэ жилийн сонгуулийн сурталчилгаанаас ажиглагдсан эерэг хандлага бол арилжааны телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан хараат бус нэвтрүүлэг бэлтгэх хандлага нэмэгдсэн явдал юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн /46.15.Радио, телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй/ гэсэн зохицуулалт орсон нь телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг бэлтгэх хөшүүрэг болов.
МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн ердөө 3% нь цэвэр сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг байсан бол арилжааны телевизүүд их цаг зарцуулсны хамгийн их хувийг NTV телевиз бэлтгэсэн нь 35% болов. Харин МN25 дугаар суваг телевиз хамгийн бага цаг зарцуулсан нь 20%-тай тэнцсэн байна.
Далд сурталчилгаа явуулсан эсэхэд хяналт тавихад МҮОНТ-ээр 02 цаг 04 минут 45 секундын далд сурталчилгаа илэрчээ. Энэ нь нийт сонгуулийн тухай мэдээллийн 2%-тай тэнцэв. Харин бусад телевизүүдээс хамгийн өндөр нь ТВ9 30%-тай тэнцэх далд сурталчилгаа нэвтрүүлжээ. NTV телевиз хамгийн бага далд сурталчилгаа цацсан нь 5% болов.
Телевизүүд мэдээний хөтөлбөрөөрөө далд сурталчилгаа нэвтрүүлсэн нь илрэв. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуультай холбоотой мэдээллийн 28% нь далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл байв. Харин UBS телевизийн мэдээний хөтөлбөрт хийсэн шинжилгээгээр 42%-тай тэнцэх далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл илэрсэн нь бусдаас өндөр байна.
СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж байна.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 4 эвсэл, 13 нам, 606 нэр дэвшигч өрсөлдснөөс 6-р сарын 25-ны өдрийн 22 цагийн байдлаар Үндэсний Аудитын газрын веб хуудаст:
- “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,” “Эх орончдын нэгдсэн нам”-аас бусад нам, эвслийн зардлын хураангуй тайлан байршсан.
- Мэдээлэл нь байршсан нийт 15 нам, эвслийн нийт орлого 7.6 тэрбум төгрөг тайлагнаснаас зардал 7.2 тэрбум болж байна.
- Мөн нийт нэр дэвшигчдийн 453 нь буюу 74.7% нь зардлын ХУРААНГУЙ тайланг нийтэлсэн байна. Үүнээс МАН-ын нэр дэвшигч 68, АН 69, Зөв хүн электорат 45 нэр дэвшигч зардлаа тайлагнажээ. Түүнчлэн Та бидний эвсэл 52, ШИНЭ эвсэл 42, Ногоон нам 15-аас 4, Зон олны нам 30-аас 27, Сахигтун! ҮХ 19 – 34-өөс 23, Их эв нам – 1-ээс 1 нэр дэвшигч тус тус зардлын тайлангаа ирүүлсэн байна.
Мониторингийг хэрэгжүүлэх явцад дараах асуудал тулгамдсан:
- Үндэсний Аудитын газрын (ҮАГ) цахим хуудас нэр дэвшигчдийн зардлын тайланг 6-р сарын 23-ны 19 цагаас 25-ны өдрийг хүртэл үзэх боломжгүй болгож, хаалттай болгосон. Энэ нь сонгогчдын мэдээлэл авах эрхийг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.
- Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулийн дагуу санал авах өдрөөс 3 хоногийн өмнө буюу 6-р сарын 21-ний 00 цаг гэхэд зардлын явцын тайлангаа нийтэд ил тод мэдээлэхээр зохицуулсан. Гэтэл нам, эвсэл, нэр дэвшигчид цахим хуудас (вэбсайт), фэйсбүүк хаяг, твиттер, өдөр тутмын сонинд нийтлэх зэрэг өөр өөр сувгаар танилцуулсан нь хяналт тавихад хүндрэлтэй байлаа.
Мөн 6-р сарын 23-ны 14 цагийн байдлаар 120 гаруй нэр дэвшигчийн зардлын тайлан ҮАГ-ын цахим хуудаст байршсан нь хуулийн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, тайлан хүлээн авах хэлбэрийг олон улсын жишигт нийцүүлэн цахим болгох шаардлагатайг харуулсан юм.
- Сонгуулийн сурталчилгаа 22-ны өдрийн 00 цагт дуусч, сонгуульд оролцогч талууд өөрсдийн цахим хуудсын мэдээллийг устгах буюу идэвхгүй болгосон нь зардлын тайлангийн мэдээллийг сонгогчид НЭГ ӨДӨР л хүлээн авах боломжтой байсан нь мэдэх эрхийг бүрэн дүүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай юм.
- Түүнчлэн сонгуульд өрсөлдсөн нийт нам, эвсэл, нэр дэвшигчдийн дийлэнх нь зөвхөн ХУРААНГУЙ зардлын маягтыг бөглөн ирүүлсэн байсныг цохон тэмдэглэж байна.
Бодлогод залуусын хяналт ТББ-ын www.policywatch.mn цахим хуудаст сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, нэр дэвшигчдийн явцын зардлын тайланг нэгтгэн, визуал хэлбэрт оруулж байгаа тул тус цахим хуудаснаас дэлгэрүүлж үзэх боломжтой.