Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд шинэчлэн батлагдсанаар цагдаагийн үйл ажиллагааг иргэний хяналтад оруулж, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг болгох, тэдний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах эрх зүйн үндсийг тогтоосон билээ. Тус зорилтын хүрээнд аймаг, нийслэлийн ИТХ- ын дэргэд Иргэний зөвлөл /ИЗ гэх/-тэй байхаар тусгасан бөгөөд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, сургалт, үйл ажиллагаандаа орчин үеийн технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээлгэсэн юм. Энэ нь цагдаагийн байгууллага хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэлийг хүлээж, иргэний дэмжлэгийг авах үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх чухал механизм билээ. Мөн олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг тус хуулиар зохицуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн ажилтан /ОНЦА гэх/-аар ажиллах гэрээг иргэдтэй байгуулж ажиллуулах болсон юм. ОНЦА-ы урамшуулал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хувцас, холбооны болон тусгай хэрэгсэл, сургах зардлыг нутгийн удирдлага хариуцахаар зохицуулсан. ИЗ, ОНЦА-ы үйл ажиллагаа хуулийн дагуу, үр нөлөөтэй явагдаж чадах эсэхээс цагдаагийн албаны шинэчлэл ихээхэн хамаарна.